
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Вант Улс, Австрали Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Элчин сайдад нэр дэвшигчдээс хамгийн ихээр анхаарал татсан хүн бол Засгийн газрын сайд, НХХ-ын сайд Т.Ганди байлаа.
Манай хүчтэй улстөрч цөөхөн эмэгтэйчүүдийн нэг тэрбээр 1982 онд
МАХЭ-ийн Төв хороонд утга зохиолын ажилтнаас ажлын гараагаа эхлэж байсан. “Улаан од”, “Ардын эрх” зэрэг сонины сурвалжлагчаас 1992 онд парламентийн ширээнд суусан Т.Ганди өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр дөрөв, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллажээ.
Төрийн албанд 26 жил, улс төрийн албан тушаалд 16 жил ажилласан туршлагатай боловсон хүчин тэрбээр өнгөрсөн хугацаанд Монголын нийгмийн хамгийн эмзэг цэг дээр ажиллаж, эмэгтэй хүний орон зай төрд үгүйлэгдэж байсан гэдгийг харуулсан олон ажил хийсэн юм. Ажилгүйдэл, ядуурал гэх мэт хамгийн их хэл амтай нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын талаар статистикийн байгууллага “Өнгөрсөн хугацаанд манай улсад ядуурал, ажилгүйдэл буураагүй. Харин ч нэмэгдсэн” хэмээн мэдээлээд байхад Т.Ганди сайд уналтыг босолт, бууралтыг өсөлт болгон хувиргаж чадсан “гавъяа”-тай, гайхалтай чадвартай нэгэн билээ. Харин одоо энэ хатуухан салбар шинэ сайдтай болох нь. Шинэ сайдын марафон эхлэж, тэргүүн эгнээнд нь УИХ-ын гишүүн Д.Арвиныг явж байгаа гэсэн бор шувуу өнөөдөр Төрийн ордноор нэг жиргэсэн.
Мөн ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатарыг Итали улсад суух элчин сайдаар томилохоор санал болгосон ч сонирхолтой томилгоо байлаа. 1992-1996 оны парламентад сууж байсан тэрбээр Элчин сайдаар томилогдсоныг олон хүн сайшаан хүлээж авч байлаа. Түүнчлэн Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшиж буй Р.Болдын томилгоо олны анхаарлын төвд байсан юм. Түүхийн ухааны доктор Р.Болдын хувьд Ардын Армийн дугаар ангид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Япон улсад суугаа ЭСЯ-нд атташе, БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын Төв Газрын дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэгэн билээ.
Түүнчлэн социологч А.Ганбаатарыг Польш, Д.Энхбатыг Вьетнам, Б.Одонжил Египит, М.Ганболдыг хойд Ганболд, Ч.Баттөмөрийг Тайландад томилсон нь дипломатуудын төдийгүй өөр олон хүний сонирхолыг татаж байлаа.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ