
Хэрэв гэгээн Валентины баярын бэлгээ сонгож амжаагүй бол яг одоо зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хайрын тухай зүүд” цоо шинэ сонсдог номыг авахаар номын дэлгүүрийг зориорой. Түүний хайрын сэдэвт өгүүллэгүүдээс бүрдсэн “Хайрын тухай зүүд” сонсдог ном худалдаанд гарлаа. Түүний “Ганц бие эмчийн яриа”, “Тоорын өнгөт уруул”, ”Хайрын тухай зүүд”, “Бэр”, “Улаан даашинз” зэрэг 5 өгүүллэгийг уран бүтээлийнх нь анд жүжигчин найруулагч Т.Алтантуяа уншжээ. Энэ нь жүжигчин Т.Алтантуяагийн бие дааж уран уншсан хоёр дахь сонсдог ном юм байна. Хоёр цагийн бичлэгтэй, бэлгийн ууттай, уншдаг бяцхан номтойгоо энэ дабль CD-г United colors of Benetton дэлгүүрээс ивээн тэтгэжээ.
“...Ёдок хорих лагерийн дундуур урсдаг Ёнхынган голын ус харлан, намар оройн час улаан навчис ганц нэгээрээ хөвөх нь хөөрхий хөвгүүний зүрхний нулимс гэлтэй...” хэмээн нэгэн хайрын тухай гунигт түүхийг хүүрнэх “Хайрын тухай зүүд” өгүүллэг нь урьд хэвлэгдээгүй цоо шинэ бүтээл агаад энэ зохилоороо сонсдог номыг нэрлэсэн байна. Энэ өгүүллэгт хойд солонгос залуу, монгол бүсгүйн хайрын тухай өгүүлэхдээ бодит амьдралаас сэдэвлэжээ.
Ном унших цаг багатай их хотын иргэд ажлаа хийх зуур компьютерээрээ сонсох, замын бөглөрөл дунд машиндаа тавьж уран зохиолын ертөнцөөр аялах боломж олгодгоороо сонсдог ном сүүлийн үед улам их эрэлттэй болж байгаа юм байна. Уран бүтээлийн андуудын өнгөрсөн жил бүтээсэн “Хайр” сонсдог ном Grand book-2011-ийн шилдэг уран зохиолын номд багтаж байжээ. Түүнчлэн айсуй цагаан сараар өгөх хүндтэй бэлгийн тоонд сонсдог ном орж байгаа нь мэдээж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ