Линий гайхамшиг NBA-д үргэлжилсээр

img

Хятад гаралтай Жереми Лин хэмээх залуу яг одоо АНУ-д спортын ертөнцөд од болж байна. NBA-гийн Нью-Йорк Никс багт энэ улирлаас эхлэн тоглож буй Лин сүүлийн дөрвөн ч тоглолтод багийн лидерүүд болох Кармело Энтони, Амар Стаудемайр хоёрын арайхийж авдаг оноог гайхалтай ур чадвар бүхий тоглолтоороо авч багаа дараалсан хожилд хүргэлээ. Спортын бүхий л хэвлэлүүд түүний тухай шуугиж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон Лос-Анжелос Лэйкерсийн эсрэг хийсэн тоглолтод 38 оноо авч  NBA-гийн онооны лидерүүд Коби Брайнт, Леброн Жеймс нарын энтэй тоглолт үзүүллээ. Жереми Линий довтолгоог хорьж хамгаалахын аргагүй байлаа. Тэрбээр хуран цугласан үзэгчдийн өмнө Лин гайхамшгийг удаа дараалан үзүүлж Лэйкерсийн тоглогчдын эрч хүчийг гайхалтай ур чадвараараа унагаж чадсан юм. Үүний үр дүнд Линийг америкийн хэвлэлүүд “супер хятад”, “төгс тоглогч”, “Азийн Жордан” гэх мэтээр нэрлэн бичиж эхэлжээ. Энэ эрчээрээ Жереми Лин NBA-гийн супер од болох нь дамжиггүй бөгөөд Нью-Йорк Никс ч гэнэт тэсэрсэн од болон Кармело Энтони, Амар Стаудемайр нарын лидерүүд, мөн л өөрийгөө шинэчилж эхлээд буй төвийн тоглогч Тайсон Чандлер нарын ачаар энэ улиралд нэлээд дээгүүр давхих ирээдүй харагдаж байна. Одоогоор Нью-Йорк Никс баг өөрийн конференцдээ 15 хожил, 13 хожигдолтой наймдугаарт бичигдэж байгаа. Гэсэн ч тэдний дараалсан ялалтууд, гайхалтай хятад залуугийнхаа чармайлт дор үргэлжлээд байвал плэйоффт шалгарахад хялбар байх болно. Харвардын их сургууль төгссөн Жереми Лин 1988 онд АНУ-ын Лос-Анжелос хотноо мэндэлсэн. Тэрбээр Харвардын их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байхдаа хэдийгээр олон шагнал урамшуулал авч байсан ч NBA-д ийм амжилт үзүүлнэ чинээ хэн ч төсөөлж байгаагүй юм. Магадгүй түүнийг олж хараагүйдээ одоо амаа барьж буй дасгалжуулагчид ч олон бий биз. Лин өнгөрсөн жил драфтаар Голден Стэйт Уорриорс багт орсон хэдий ч гялалзсан тоглолтуудаа нөөж байсан мэт. Улмаар түүний ач холбогдлыг үнэлэлгүй баг нь Нью-Йорк Никсд хямдхаан зарж орхисон. Гэтэл Лин одоо сагсан бөмбөгийн спортын шинэ үеийн хамгийн тод од болохоор гялалзаад эхэлчихжээ. Тэр өнгөрсөн долоо хоног хүртэл жирийн л нэг хятад залуу байсан бол хэдхэн хоногийн дотор дэлхий дахины од болон гялалзаж чадлаа. Түүнийг юу ингэж тэсрэхэд хүргэсэн нь тун ч сонирхолтой. Линийг багаас нь мэдэх хүмүүсийн яриагаар тэрбээр маш хөдөлмөрч хүү байсан гэнэ. Одоо ч түүний хөдөлмөрч зан амжилтад нь нөлөөлж байгаа аж. Дасгалжуулагч Майк Д Антон ч энэ талаар ярилцлага өгчээ. Сэтгүүлч түүнээс Линийг хэрхэн гайхалтай чадварыг нь нээж чадсан бэ гэхэд “Лин бол маш их хөдөлмөрч залуу тиймээс түүнийг би гараанд гарах боломж олгосон. Миний шийдвэрт Лин маш их ач холбогдол өгч блэтгэлээ сайн хийж байсан. Харин би түүнийг гараанд гаргах шийдвэр гаргасан өдрөө хэзээ ч мартахгүй. Тэр бол гайхамшиг байсан” хэмээсэн байна. Лин бол үнэхээр гайхамшиг. Стив Нэш хүртэл түүний талаар гайхан биширсэн сэтгэгдлээ твиттертээ бичжээ. Линий гүйцэтгэж буй оновчтой дамжуулалт, таслалт, довтолгоонууд асар өндөр техниктэй тоглогч гэдгийг баталж байна хэмээн тэр жиргэсэн нь олны анхаарлыг ч татсан. Дашрамд дурдахад NBA нэг их үзээд байдаггүй тайванчууд төдийгүй хятадууд телевизийн дэлгэцнээс холдолгүй Линий тоглолтыг хүлээж суудаг болсон гэнэ. Өнөөдөр орой Нью-Йорк Никс Торонто Рэпторсын эсрэг тоглоно. Гараанд Лин дахин гарна. Түүний шуугиан дагуулсан тэсрэлт дахин үргэлжилнэ. Lincredible Lin. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ