Туркменээс арай дээр Монголын төр
Монголын улс төр бохир л гэдэг. Улс төрчид эрээгээ алдаж цагаандаа гарлаа л гэлцэх. Ард түмэн маань ч тэдний тавьсан жүжигт гэнэнээр итгэсээр, хууртагдсаар, тоглоом болсоор буйг бид бичдэг. Тэгвэл манай эрээгээ алдаж, цээргүй болсон улс төрийн дэргэд арай ч дээ гэмээр жишээ дэлхийд овоо хэд байх. Үүний нэгийг Монголтойгоо харьцуулая л даа. 90-ээд оны босгон дээрээс ЗХУ-ын ар өврөөс олон улс үндэстэн тусгаар тогтнолоо олж авсны нэг нь болох Туркменийг энд дээрхийн нэг жишээ болгож болно. Өнгөрсөн ням гаригт тус улсад хоёр дахь удаагийнх нь ерөнхийлөгчийн сонгууль нэртэй болхидуу найруулгатай жүжиг явагдлаа.
1985 оноос Туркмений коммунист намын толгойд гарсан Сапармурат Ниязов гэх баши Зөвлөлтөөс салсны дараа албан тушаалынхаа нэрийг ерөнхийлөгч болгон өөрчилж 2006 онд хорвоог орхитлоо тус улсад өөрийгөө тахин шүтүүлсэн. Өөртөө зургаан удаа Туркмений баатар цолыг шагнаж, Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирээс ч дутахгүй олон албан тушаалыг өөрийн нэрний араас хөврүүлсэн.
Нэг хүнийг тахин шүтэх явдлын гайхамшигт жишээ болсон хүн. Тэгвэл 2007 оноос Ниязовыг залгамжилж өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчийн суудалд морилсон эрхэм Гурбангули Бердымухамедов өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар нийт саналын 97 хувийг авч өөрийн долоон өрсөлдөгчөө илүүрхэн цэвэр ялж улиран сонгогдлоо.
Түүнийг тэнгэрт одсон башигийнхаа шийрийг хатаах нэгэн, үзэл бодлыг нь үргэлжлүүлэгч гэлцдэг. Олон улсын ажиглагчид Туркменийн сонгуулийн талаар сонгууль нэртэй жүжгийнхээ хөшгийг хааж санал тоолсон гэж бичиж байна. Сонгуулийн комиссын дарга нь Гурбангули Бердымухамедовын ойрын хамаатан, төрийн байгуулалт, бүтэц нь тэр чигээрээ түүнд үйлчилдэг, шүүх, цагдаа, хуулийн байгууллага нь түүний өрсөлдөгчдийг дарамталж, гэрийн хорионд оруулах гэх мэтээр хавсарга хүчин болдог.
Таван жил хэмжээлшгүй эрх дархыг тогтоож чадсан ерөнхийлөгчийг ямар ч сайн улстөрч ялахгүй нь ойлгомжтой. Одоо тэрбээр дахин таван жил улс орноо хичээнгүйлэн удирдана. Дахин нэг килограмм цэвэр алтаар өөрийн цээж баримлыг бүтээлгэж алмазаар бүрэн өөрийгөө шагнана. XXI зууны дарангуйлагчийн шинэ дүр төрх гэх юмуу.
Туркменд сонгууль иймэрхүү л маягтай. Ерөнхийлөгчийн засаглалтай энэ улсад Бердымухамедовын талынхан л албан тушаал хашна. Туркмен шиг ийм бохир улстөр, улс орныг удирдах ужгирсан систем манай оронд тогтчихоогүй өдийг хүрч байгаа нь аз гэмээр. Ядаж л 97 хувийн саналаар сонгуульд ялж нүдний булай болох улстөрчид манайд байхгүй.
Манай улсад төр нь хэчнээн авлига, хээл хахууль, хүнд суртал, албан тушаалын төлөөх бугширмал байдалд идэгдсэн, аалзны шүлс мэт олигархиуд, бизнесменүүдийн мөнгө угаах хэрэгсэл болсон хэдий ч Туркменээс арай дээр ч юм шиг. Ядаж л сонгууль дөхөөд ирэхээр АН, МАН хоёр нь ана мана ач тач үзэлцээд эхэлнэ.
Нэг нам нь сөрөг хүчин болох гээд Засгаас гарахад нөгөө намд нь сайдын алба хашчих бизнесменүүд хангалттай байх жишээний. Нэгэн цагт “завхай эмийн шинжтэй манай төр” хэмээн шүлэглэж асан найрагч өнөөдөр амьд сэрүүн байсан бол өнөө цагийн төрийг улстөрч, бизнесмэнүүд хосолсон бантангийн шинжтэй төр хэмээх байсан болов уу.
Бантангийн төр маань ямартай ч Туркмен, Хойд Солонгос шиг дангаар нэг хүнийг тахин шүтэх дэглэмээс холхон юм даа. Туркменд өнгөрсөн сонгуулийн үеэр улсын төв телевиз, радио нь нэр дэвшигчдээс Бердымухамедовын сурталчилгааг илүүтэй явуулж байжээ. Ерөнхийлөгч Бердымухамедов өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан телевизээр өдөр шөнөгүй гарч байжээ.
Манайд сонгууль болоход арай ч ингэдэггүй. Харин ирэх парламентын сонгуулиар Туркмэнээс жишээ авсан байрын нэг зүйл манайд тохиож магадгүй болоод байна. Шинээр нэр дэвшигчид сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаагаа цагтаа эхлэх бол УИХ-ын хаширууд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнах эрхтэй үлдсэн. Нэг ёсондоо Туркмений Бердымухамедовоос жишээ авсан гэлтэй.
УИХ-ын гишүүд тус тусын тойрогтоо очиж хийж бүтээсэн ажлаа тайлагнах нь тэдний сонгуулийн сурталчилгаа болно гэдгийг 76 маань Бердымухамедовын жишээн дээр сайн мэдэж байгаа. Харин энэ үед шинээр нэр дэвшигчид сурталчилгаа эхлэх хугацааг хүлээн байж ядна. Иймэрхүү маягийн гадны үлгэр жишээг манай улстөрчид ажил хэрэг болгохдоо гаргуун.
Монголын төр Туркментэй харьцуулахад л арай дээр юм даа.
О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ