
Хан хорвоод
Хайрын сэтгэлээр учирсан
Хонгорхон гэргий, халамжит ижий чамдаа
Хосуудын гэгээн хайрын баярын мэндийг хүргэж тэвэр дүүрэн үнсэлт, дэлхий дүүрэн инээмсэглэлийг бэлэглэе.
Чи бидэн хоёр тэртээ 20 жилийн өмнө 1991 онд дунд сургуулийн 7 дугаар ангийн бяцхан охин, идэрхэн хөвгүүн байхдаа алс тэртээ Дархан хот, Өвөрхангай аймгаас Олон улсын Найрамдал зусланд ямар хувь тавилан өвөртлөн ирж амарч, бие биеэ олж найзлан үерхэж чадсан юм бол доо. Үнэхээр сайхан хувь тавилан, гэгээн сайхан хайрын түүхийг 20 жил хамтдаа бичжээ. Хүүхэд насны хайрын захиа, зусланд бие биендээ өгч байсан дурсгалын бэлэгүүд маань одоо хүртэл бид 2-ын модон бор хайрцагт хадгалагдаж үеийн найз нөхөд, үр хүүхэддээ үзүүлэн бахархаж, өөрсдөө ч сэтгэлийн цэнгэл, дэм авч амьдарсаар байна.
Энэ их агуу хайр, итгэл сэтгэлийн уудам их орон зайгаар зөвхөн хамтдаа байсан 20 жил, үүнээс улсдаа нэгэн гэр бүлийн гал голомтыг асааж хууль ёсны нэгэн айлыг нэмсэний 16 дахь жилийн босгыг давлаа. Энэхэн хорвоод нэгэн сайхан нуган үр, нэгэн нандин бүсгүй заяаг чи бидэн 2 хамтдаа бүтээсэн байна. Энэ ямар сайхан мэдрэмж, аз жаргалыг чи бид 2-т авч ирж вээ. Одоо 2лаа энэ 2 эрдэнийнхээ төлөө ухамсарт амьдарлаа зориулан амьдарч байна.
Чамдаа хайртай шүү гэдэг үгийг халуухан, залуухан байхдаа харамгүй хэлдэг байж. Хамтдаа нэгэн бие, сэтгэл зүрхэнд холбогдон өдийн зэрэгтэй сайхан амьдарч байна. Хайртай гэдэг үгийг хэлэх нь цөөрсөн нь нэгэн бие болж сэтгэл, зүрхэндээ хэлдэг болсонтой холбоотой юм болов уу гэж бодож байна. Гэхдээ чамдаа Хайртай шүү гэдгийг харамгүй хэлэхийг хүсч байна.
Чи бидэн 2 амьдралдаа их олон жаргал, зовлонг сэтгэл зүрхний хайраараа даван туулж иржээ. Одоо ингээд 20 жилийн дараа хамтдаа байгаагаа дүгнэн харахад бие биенээ гэсэн итгэл, чин үнэнч хайр, хамтдаа бүхнийг даван туулах зорилготой байсны минь үр дүн гарч байна. Их сайхан байна. Чамайгаа улам ихээр хайрлах сэтгэл зүрх булиглаж байна. 2 сайхан үрдээ энэхүү хайраа өвлүүлж, аз жаргалтай амьдралын эхийг тавьж өгөх болноо. Үрсийн минь ирээдүй сайхан болох байхаа.
Өөрсдийнхөө итгэл сэтгэл, хүч хөдөлмөр, хайрын хүчээр чи бид 2 их олон зүйлийг бүтээсэн. Чин шударга хөдөлмөр, залуу насны эрч хүчээр энэ амьдралаа хүний дайтай босгож байна. Чинийхээ хөдөлмөрч, дайчин, шударга зангаар би улам бүр ирлэгдэж хамдаа бодож, сэтгэж зүтгэсэн минь үр шимээ өгсөөр л байна. Оюутан цагийн минь дурсгалтай амьдрал, олон орон байр хөлслөн амьдарч байсан цаг мөч бүхнээс өр зээлтэй хэдий ч өөрийн гэсэн орон байртай болж өдөр ирэх бүрд өсөн дэвжиж байгаа энэ амьдралыг хамтдаа бүтээжээ. Магадгүй чи минь ихэнхийг нь нугалсан.
Би чамтайгаа учирсандаа хязгааргүй их баярлаж явдаг. Бидний ирээдүй сайхнаар төсөөлөгдөж байна. Бидний хайр улам батжиж амьдрал маань аз жаргалаар дүүрэн байх аваас үр хүүхэд минь үр шимийг нь хүртэнэ. Улмаар улс эх орон минь хөгжин дэвжихэд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Бидний болон Монголын маань ирээдүй улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
Чи минь намайгаа болон 2 сайхан үрээ үргэлж инээмсэглэл, урам зориг, эрч хүчээрээ чимж, чамайгаа би бас хайрлаж нандигнаж хамтдаа хорвоог туулах болноо.
Чамдаа хайртай шүү, чанга тэврэн үнсье. Энэхүү захилдал маань Гэгээн хайрын өдрийн сэтгэлийн бэлэг минь байлаа
2012.02.14
СЭТГЭГДЭЛ БИЧИХ