Хан-Уул дүүрэг Эрээн хоттой олон салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв
Энэхүү уулзалтын үеэр хоёр тал төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан айлчлал ба уулзалтыг тогтмол зохион байгуулж, хоёр улсын бүрэн эрх ба холбогдох хууль дүрмийг мөрдсөний үндсэн дээр олон чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.
Хоёр тал худалдаа бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хан-Уул дүүргийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөртэй танилцах аяллыг зохион байгуулах, боловсролын чиглэлээр Хан-Уул дүүргийн 18 дугаар дунд сургуулийг Эрээн хотын олон улсын хэлний сургуулийн хороонд тогтсон найрсаг харилцааг зузаатгаж, дүүргийн харьяа сурагчид Эрээн хотын төрийн өмчит сургууль болон цэцэрлэгт суралцахыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо.
Мөн хоёр талын эмнэлгийн эмч сувилагч нарын хоорондын солилцоо, мэргэжил техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж жил бүр 2-3 эмчийг Эрээн хотын эмнэлэгт туршлага солилцох, Монгол анагаах ухааны уламжлалт эмчийг Эрээн хотод томилон ажиллуулахаар зөвшилцөв.
Түүнчлэн хоёр тал аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус салбарын сурталчилгаа, борлуулалтыг хамтарч зохион байгуулахаар туршиж ажиллах, хотын бүтээн байгуулалт, ойжуулалт, гэрэлтүүлгийн туршлагыг харилцан солилцож ажиллахаар боллоо.
Мөн ирэх 5 сард Эрээн хотод “Хан-Уул дүүргийн соёлын өдрүүд” зохион байгуулагдахаар болжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ