УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа.
-Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төсөл дэмжигдлээ. Та өөрөө уг төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ эсрэг байр суурь илэрхийлсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Тэглээ. Бид УИХ-ын 39-р тогтоолд өөрчлөлт оруулж, иргэдэд 10 биш 20 хувийг нь эзэмшүүлье гэсэн үзэл санаагаар тогтоолын шинэ төсөл санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Гэтэл бидний санаачилсан тогтоолын төслийг ажлын хэсгийнхэн танигдахын аргагүй болгон өөрчилж, үндсэн үзэл санаа зарчмыг нь алдагдуулж, УИХ-аар анхны хэлэлцүүлэгт орууллаа.
-Таны бүхний санаачилснаас яаж өөрчлөгдсөн гэсэн үг вэ?
-Бидний санаачилснаар бол иргэн бүр Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр заасан. Хүний хөгжлийн сангаас орох бэлэн бус нэг сая төгрөг Тавантолгойн энэ хувьцаанд ямар ч хамаагүй тусдаа асуудал. Гэтэл үүнийг нэгтгэж нэг сонголт болгосон. Одоо иргэдийг нэг бол сая төгрөгөө ав эсвэл Тавантолгойн хувьцааг ав гэж байна. Хэрэв ингэж шийдвэл олон хүн Тавантолгойн хувьцааг авч чадахгүй үлдэнэ. Улс эх орны байгалын баялаг шударгаар хуваарлигдаж, иргэд энэ тэнцүү эх орныхоо баялагаас хүртэж чадахгүйд хүрэх гэж байна.
-Тухайлбал?
-Оюутнууд юу ч авахгүй нь. Тэд “Хүний хөгжил сан”-гаас олгох 1.5 сая төгрөгийнхөө сая төгрөгийг нь сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянгаар хоёр удаа авсан. Харин 500 мянган төгрөгийг нь 21 мянган төгрөг байдлаар аваад дуусч байгаа. Ажлын хэсгийнхний тайлбарлаж байгаагаар оюутнууд энэ жилийн сургалтын төлбөрт төрөөс олгох 500 мянган төгрөгөөсөө татгалзах замаар хувьцаатай болж болно гэсэн. Үгүй бол үлдсэн хэдэн сард авах сар бүрийн 21 мянган төгрөгөөсөө татгалзаж, 100 мянган төгрөгийн хувьцаатай болох боломжтой гэнэ. Энэ бол үнэхээр утгагүй асуудал. Өндөр настай хүмүүс ч хувьцаа авч чадахгүй. Дээр нь амьдралын төвшин доогуур, орлого багатай иргэд хувьцаагүй л үлдэнэ. Тэр хүмүүс өнөөдөр хувьцаагаа авах уу, мөнгөө авах уу гэвэл сая төгрөгөө л авъя гэнэ шүү дээ. Байгалийн баялгийг ингэж хуваарилдаггүй юм.
-Одоо сар шинийн өмнө өндөр настан болон тахир дутуу иргэдэд бэлнээр нэг сая төгрөг олгоно гээд байгаа. Тэд ч энэ мөнгийг авбал хувьцаагүй үлдэнэ гэсэн үг үү?
-Тийм. Өнөөдрийн эдийн засгийн тарчиг байдалд манай иргэдийн ихэнх нь орлого багатай, ядуу байгаа. Иргэд сая төгрөгийг авахыг илүүд үзнэ. Ингэхээр Тавантолгойн баялаг орлого багатай хүмүүс, оюутнуудад очихгүй нь. Орлого ихтэй хэдэн том аж ахуйн нэгжүүдэд очихоор боллоо. Энэ бол баялагын зөв хуваарилалт биш. Ингэснээр Монголд баян, ядуугийн ялгаа улам их гарна. Тийм учраас ажлын хэсгээс оруулж ирсэн тогтоолын төслийг хэлэлцэж болохгүй завсарлага аваад явъя гэсэн саналыг бүлгийн хуралдаан дээр хэлсэн юм. Ажлын хэсэг үүн дээр одоо ажиллаж байгаа гэсэн. Арай өөр санал оруулж ирэх болов уу гэж найдаж байна.
-Таны завсарлага авах санал дэмжигдэх үү. Өнөөдөр ингээд чуулган завсараллаа шүү дээ?
-Бид ярилцаж байгаа. Миний саналыг бүлгийнхэн дэмжиж байгаа.
-Иргэдэд хувьцаагаа үнэгүй олгохоор Тавантолгойн бүтээн байгуулалтын хөрөнгө босгох ажил бүтэлгүйтэх юм болов уу. Иргэдээс яагаад сая төгрөгийг салгаж байж хувьцаа олгоно гээд байгаа юм бол?
-Бүтээн байгуулалтын хөрөнгийг олон улсын хөрөнгийн биржээс л босгоно шүү дээ. Тэгж яривал иргэдээс цугларсан мөнгийг Тавантолгойд өгөхгүй гэсэн. Төсөвт өмч хувьчлалын орлого гэж төвлөрүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бүхэн Тавантолгойтой ямар ч хамаагүй.
-Цагаан сараас өмнө л сая төгрөгийн асуудлыг шийдье гээд улайраад байх шиг байна. Ингэж яарснаараа түүхий хууль батлах гээд байна аа даа?
-Тийм. Чуулган завсарлах гэж байхад уралдаж асуудлыг хуумгай шийддэг байдал олон удаа гарсан. Харамсалтай нь энэ удаад ч давтагдах шинжтэй болоод ирлээ.
-Хоёр нам амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж ийм алхам хийлээ гэж ойлгож болох нээ?
-Амлалтаа биелүүлж байгаа аргачлал байж болно. Гэхдээ гол нь орлого багатай олон мянган иргэд Тавантолгойгоос насан туршдаа хүртэх ёстой тэр хувь хишгээ хүртэж чадахгүйд хүрч байна. Амлалтаа биелүүлэхийн тулд ингэж болохгүй. 21 мянган төгрөг тарааж байгаа. Үүн дээрээ нэмээд одоо хоёр сарын зайтай сонгуулиас өмнө нэмэх нь. Сонгуулийн үеэр энэ бүхний сөрөг үр дүн гарна. Инфляци өсөж, дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлж, баялагийн маань үнэ унаж, төсвийн орлого хумигдах төлөв ажиглагдаж байна. Уг нь төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмэхдээ төсвийг тэлэхдээ баталсан төсвийнхөө дотор урсгал зардлаа нэмж, хуримтлал үүсгэх хэрэгтэй байсан. Харамсалтай ньтэгсэнгүй. Сонгуулийн төлөө улайрч, ингэж эх орныхоо иргэдийнхээ эрх ашгийг хохироож болохгүй. Бид ямар сонгуулиас хойш амьдрахгүй биш, энэ бүхнээ зогсоомоор байна.
-2008 оны сонгуулийн өмнө нэг иймэрхүү дүр зураг харагдаж байсан?
-Сонгуулиар хамаг мөнгөө тараасан, өргөн хэрэглээний бараа шатахууны үнэ хөөрөгдсөн. Эдийн засгийн хямрал залгуулан нөмөрч, Монгол Улсын нөөцөнд мөнгө төгрөг байгаагүй. Гаднаас хямралыг даван туулахын тулд их хэмжээний зээл тусламж авч байсан. 2008-2009 оны хямралын дараа баялагаасаа хэдэн төгрөг хуримтлуулаад хямралын үед гадныханы гарыг харахаа болъё гэсэн. Тэгсэн атлаа өнөөдөр хямрал хаалга тогшиж байхад сонгууль гэж улайрч хамаг мөнгөө цацаж байгаа нь ухаалаг бус алхам.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ