Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хөнгөлөлтийн талаар танилцууллаа
Гадаад харилцааны сайдын Тайландын Вант Улсад хийж буй айлчлалын хүрээнд ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаад худалдааны Агентлаг, Тайландын Хөрөнгө оруулалтын газар, Худалдааны танхим, Аж үйлдвэрийн холбоодтой хамтран Монгол - Тайландын бизнесийн форумыг өчигдөр зохион байгууллаа. Бизнес форумын нээлтэд Г.Занданшатар сайд оролцож үг хэллээ.
Тэрбээр хоёр улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хоёр талын бизнес эрхлэгчид тодорхой мэдээлэлтэй болж, харилцаа холбоо тогтоох боломжийг бүрдүүлэхэд энэхүү форумын зорилго оршиж буйг хэллээ.
Улмаар монгол, тайландын хувийн хэвшил, бизнесийнхний хооронд уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдаж, хоёр орны эдийн засаг, санхүүгийн шинээр бий болж буй нөөц боломжийг цаг алдалгүй ашиглаж, хамтран ажиллахыг бизнес форумд оролцож буй хоёр талын төлөөлөгчдөд хандаж уриалав.
Бизнес форум дээр ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаад худалдааны Агентлагийн дарга Б.Ганзориг монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж нөхцөл, гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонирхогч хөрөнгө оруулагчдад бүх талын дэмжлэг үзүүлэх боломжтойг дурдаж, сонирхсон асуултад тодорхой хариулт өгч харилцан ярилцсан байна.
Энэхүү бизнес уулзалтад Тайландтай хамтран ажиллах сонирхол бүхий монголын талын 9 компанийн төлөөлөгчид болон Монголтой хамтран ажиллах сонирхол бүхий тайландын хувийн хэвшил, бизнесийн төлөөлөгч 50 орчим хүмүүс оролцов. Бизнесийн форум хоёр талын сонирхогч компаниудын хооронд санал бодол солилцох болон тайландын үйлдвэр аж ахуйн газартай танилцах үйл ажиллагаагаар үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ