
Гэрэлээ дөнгөж сая сонссон мэдээндээ цочирдож, урагш ширтэн чимээгүй сууна. Түүний хацрыг даган нулимс урсан гарсаар л...
Дөрвөн жилийн өмнө Гэрэлээ МУИС-ийн төгсөх курсын оюутан байхдаа анх түүнтэй учирсан. Найз нөхөд нь тэднийг жинхэнэ тохирсон, үнэхээр сайхан хосууд гэж магтдаг байлаа. Болдоотой үерхэж эхлэхэд ээж нь жаахан дурамжхан байсан ч хайрандаа шатаад “Яагаад” гэдгийг нь сонсохыг ч хүсээгүй. Ээж нь түүнд “Болдоо сайхан хүү. Гэхдээ чамд хань болж чадах хүн биш ээ” хэлэхэд нь “та надад атаарахаа юу” гэж тэнэг хариултаар амыг нь таглаж орхисон. Яагаад гэвэл Гэрэлээгийн ээж наснаасаа залуухан сайхан харагддаг, ганц бие эх. Сайхан хүүхэнд дурлал хайраа илчилж босгыг элээсэн эрчүүдээс ээж нь хэнийг ч сонгоогүй. Ээжийнх нь төгс нэгнийг хайгаад байгаа ч юм шиг, эсвэл өөр хэн нэгнийг хүлээгээд байдагт нь тэр дургүй. Тиймдээ ч охин нь өөрийнхөө хайсан төгс хайраа олсонд атаарахлаа гэж хэлсэн аж. Энэ үгэнд нь ээж нь гомдсон эсэхийг ч бодохыг тэр хүсээгүй.
Болдоо аав ээж, эгчтэйгээ амьдардаг. Аав, ээж нь улсын нь том албан тушаал хашдаг, боломжийн амьдралтай айлын бага хүү. Болдоод гэрийнхэн нь хотын төвд хоёр өрөө байранд авч өсгөн тул тэднийд ихэнхдээ өнжинө. Нэг л мэдэхэд тэр хоёрын хайрын билэгдэл болсон бяцхан охин нь хорвоод мэндэлэв. Охиноо хайраар дутаахгүй, ээж аавын хайранд бөмбөрүүлж өсгөнө гэж тэр хоёр ярилцаж, нэг л мэдэхэд охин нь ой хүрсэн байлаа. Нэг өдөр Болдоо
-Миний хоёр надгүйгээр хэсэг зуур амьдрах болж дээ. Хайр нь АНУ-д очиж магистраар сурах боллоо. Чамдаа хэлэх гэснээ болиод бүтсэн хойно нь хэлье гэж бодсон юм. Ирэх долоо хоногт ниснэ. Та хоёр маань энд хоёуланхаа байж байхаар ээж дээрээ очиж амьдарсан нь дээр байхаа. Охиноо харуулаад, бас ханьтай гэв.
Гэрэлээд хэлэх үг олдсонгүй. Болдоогийн АНУ-д очиж сурна гэж үргэлж ярихад нь дэмжиж байсан ч чухал шийдвэр гаргахдаа түүнтэй зөвлөөгүйд нь гайхаж байлаа. Охин бид хоёр ч яахав ээжтэй амьдарч болно. Би түүний хувьд хэн юм бэ гэж бодтол нулимс нь аяндаа асгараад ирэв.
-Юунд уйлсан юм бэ. Ямар сална гээд хэлчихсэн биш. Хайр нь удахгүй ээ, хоёр жил хагас болчихоод л ирнэ. Харин явах бэлтгэлийг хамтдаа хийнээ.
Явах хүний сэтгэл догдолж, үлдэх хүний шаналалыг бодох зав огт гардаггүй юм аа гэж найз хүүхнийх нь хэлсэн нь санаанд орж байв. Болдоо дэлгүүр хэсэж, хэдэн ээлжийн хувцас, гутал цамц гээд л том чемодан дүүрэн ачаа бэлджээ. Гэхдээ түүний сонголтууд өмнө нь харж байсан хувцас, гутлаас нь арай л өөр, хэн нэгэнд зориулан бэлдсэн мэт. Энэ бодлоо бататгахыг хүсч, элдэв юм асуумаар байвч маргааш өглөө алс холыг зорих гэж байхад нь гэж бодоод өнгөрчээ.
Болдоо зорьсон газраа хүрч, хүссэн сургуульдаа орсон тухайгаа утсаар мэдэгдэж, өдөр бүр интернэтээр харилцана. Охиноо, чамайгаа маш их санаж байна. Гэхдээ хайр нь зорьсоноо биелүүлээд очноо хэмээн түүнийг аргадана.
Өдөр хоног өнгөрсөөр л... Нэг л мэдэхэд Болдоо яваад хоёр жил боллоо. Охин цэцэрлэгт орсон тул Гэрэлээ ч ажилд оров. Эдийн засагч мэргэжилтэй, сургуулиа ч хангалттай үнэлгээтэй төгссөн түүнд ажил олдохгүйн зовлон байсангүй, нэгэн хувийн компанид ерөнхий нягтлангаар оржээ. Ажилд орсон өдрөөс л хамт ажилладаг залууучууд нь сээтэн хаяж эхлэв. Хайртай ханиа сэтгэлдээ тээж, охинтойгоо хүлээж суугаа түүнийг залуусын сээтэгнэл догдлуулсангүй. Ажил гэр цэцэрлэг гэсэн нэг л хэмнэлээр өдөр хоног өнгөрч, хайртай хүн нь ирэх дөхсөөр л. Шинэ оны өмнөх өдөр охинтойгоо хадмындаа очиж нэг өдрийг өнгөрүүлэв. Хадмууд нь Анужинг өхөөрдөж, хошуу дэвсэн, цэцэрлэгт сурсан дуу шүлгээ сонирхуулж тэдний хайрыг татна. Энэ үеэр хадам ээжийнх нь харц мөргөлдөхгүй байгааг анзаарсан ч мэдээгүй мэт өнгөрөөжээ.
Болдоо гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14 нд ирэх онгоцны тийз захилсан гэдгээ өмнө нь хэлж байсан болохоор өдөр хоног дөхөх тусам сэтгэл догдолсоор л... Гэхдээ Болдоо сүүлийн хагас жилд эхнэр охинтойгоо утсаар ярьж, интернэтээр харилцсан нь цөөрсөн ч хичээл сургуулийн зав зай муутай байгааг ойлгоорой гэж тайлбарласан юм. Гэрэлээ ажил төрөл, ар гэр гээд гомдоллох зав гарахгүй байсаар товлосон өдөр боллоо. АНУ-аас Москвагаар дамжиж ирнэ гэсэн тул охинтойгоо хамт Нисэхийг зорив. Удалгүй Москвагийн онгоц газардлаа гэж чанга яригчаар зарлаж, угтагчдыг хөдөлгөөнд оруулав. Онгоцны зорчигчид хүлээсэн, тоссон хүмүүстэйгээ баяр хөөртэй уулзацгааж гадагш гарсаар , зааланд Гэрэлээ охинтойгоо, нисэхийн ажилчид л үлдсэн байлаа. Дотор зорчигч үлдээгүй гэдгийг сонсоод охиноо тэврэн нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр гэрлүүгээ харив. Ээж нь ажилдаа яваад эзгүй. Тэр ажлаасаа чөлөө авсан тул гэртээ охинтойгоо өнжиж, Болдоо ирж чадаагүй учраа утсаар аль эсвэл интернэтээр тайлбарлах болов уу гэж хүлээж суулаа. Бяцхан охин нь эрт боссон тул нойрондоо дийлдээд унтаад өгөв. Удтал хүлээсэн утасны дуудлага.
-Байна уу? Болдоо миний хайр яагаад ирсэнгүй вэ?
-Байна. /
Болдоо хэсэг чимээгүй байснаа/ Уучлаарай, Гэрэлээ. Би очихгүй. Энд би өөр амьдралтай болсон. Чамд хэлэх гээд чадахгүй байсаар өдий хүрлээ. Хүү маань одоо ой хүрж байгаа. Хүүгийн маань ээж намайг АНУ-д урьсан юм. Миний анхны хайр. Намайг уучлаарай. Би сонголтоо хийсэн.
Болдоо өөрийгөө зөвтгөж олон юм ярьсан ч түүний үгийг ойлгох ухаан Гэрэлээд байсангүй. Гагцхүү өнөөдөр бидний танилцсан хоёрдугаар сарын 14-ны өдөр байсан шүү дээ гэсэн гомдол цөхрөлийн нулимс хацар даган урсаж байв. Энэ л үед ээжийнхээ Болдоог хань болох хүн биш гэж хэлснийг, хадмынхаа харц буруулсныг, Болдоогийн АНУ руу явахдаа догдлоод байсны учрыг ойлгосон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ