
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн багийн эмч нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулья” уриан дор Ховд аймагт болжээ. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх нь“ төслөөс хамтран энэ чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Чуулга уулзалтын үеэр “Эрүүл мэндийн тухай хууль” болон сум, багийн эмч нартай холбоотой ЭМЯ-аас баримтлаж буй бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, багийн эмч нарыг бэлтгэх болон төгсөлтийн дараах сургалт, эмч мэргэжилтний ёс, зүйн хэм хэмжээ, зөвлөгөө өгөх арга зүй, амь тэнссэн үеийн яаралтай тусламж сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Мөн энэ үеэр багийн эмч нарын онол, практикийн бага хурал, ур чадварын тэмцээнийг зохиожээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын багийн эмч К.Алтангүлийн тавьсан “Багийн хүүхдүүдийн суурь өвчинд хийсэн судалгаа” тэргүүн байр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн эмч Б.Бямбасүрэнгийн “ Багийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаа хоёрдугаар байр эзэлсэн байна. Харин гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн эмч С.Бямбасайханы “Хүүхдийн хоол тэжээлийн архаг дутал, олон найрлагат бичил тэжээлийн үр дүнг судалсан зарим дүн” сэдэвт илтгэл шалгарчээ.
Багийн эмч нарын ур чадварын тэмцээнд Ховд аймгийн баг тэргүүн байрыг эзлэв.Тэргүүн байр эзэлсэн эмч нарыг өргөмжлөл мөнгөн шагнал, ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд үнэ төлбөргүйгээр хамруулахаар шийдвэрлэсэн аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ