ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж тээврийн салбарынханд үүрэг өглөө
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж өнөөдөр ИНЕГ, МИАТ ХК, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн ажил байдалтай танилцаж, товч мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр Иргэний нисэхийн салбарынханд хандаж юуны өмнө нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг улам бүр сайжруулж, нислэгийн аюулгүй байдал, нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, нислэг техникийн зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх бүхий л боломжтой арга хэмжээг иргэний нисэхийн салбарын бүх шатанд анхаарч ажиллах, Шинээр олон улсын статустай болсон нисэх буудлуудаас юуны өмнө нөөц буудал болгох асуудлыг даруй шийдвэрлүүлэх, Хөшгийн хөндийд шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх, орон нутгийн нисэх буудлуудыг хатуу хучилттай болгох ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэйг онцоллоо.
УБТЗ-ынханд та бүхэнд хийсэн ажил багагүй ч хийх ажил бас чамгүй байна. Улсын эдийн засагт чухал нөлөөтэй, төмөр замын ачаа эргэлтийн 90%, зорчигч тээвэрлэлтийн 40 % хувийг дангаараа гүйцэтгэдэг байгууллагын хувьд үйл ажиллагаагаа зах зээлийн орчинд нийцүүлэн шинэчлэх, тээх нэвтрүүлэх чадварыг тогтвортой нэмэгдүүлэх хүрээнд холбогдох техник, технологийн шийдэл, арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд шуурхай ажиллах шаардлагатай байна.
“Төмөр замын тээврийн тухай” хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн “УБТЗ”-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх ажлыг шуурхай хийх хэрэгтэй 1980-аад оны бүтэц 2012 онд хэвээр байж таарахгүй гэлээ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд Зорчигч тээврийн үйлчилгээнд бодитой өөрчлөлт тэр бүр харагдсангүй. Зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хот хоорондын үйлчилгээний зориулалттай дизель галт тэрэг явуулах боломжийг яаралтай судлан шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. Хоёр хөршөөсөө суралцаж сайн менежментийг нь амьдралд нэвтрүүлэх талаар анхаарах нь зүйтэйг онцлоод улс орны түүхэн хөгжлийн ачааны хүндийг үүрч ирсэн бүтэн жарны түүхтэй яруу алдарт төмөр замчид та бүхэндээ ажлын амжилт хүсье гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ