“Ногоон хивсний ёслол” боллоо

img

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Тус газрын “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үндсэн арга хэмжээний нэг нь “Ногоон хивсний ёслол” байдаг уламжлалтай. Бүтэн жилийн турш өрнүүлсэн “Нэг гэр бүл-Нэг мод, Нэг байгууллага-Нэг төгөл” аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, шилдгүүдээ “Ногоон хивсний ёслол”-оор тодруулдаг юм. Уламжлалын дагуу 2011 оны “Шилдэг ойжуулагч” төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шалгаруулж урамшууллаа. “Шилдэг ойжуулагч төрийн байгууллага”-аар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Шилдэг ойжуулагч аж ахуйн нэгж”-ээр Дархан-Уул аймгийн Нүүдэлчин эмнэлэг, “Шилдэг ойжуулагч байгууллага”-аар ХААИС-ийн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Лицей сургууль, Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн Монгол-Туркийн хамтарсан 21-р дунд сургууль, Дархан сумын 5, 18 дугаар цэцэрлэг болон Шарын гол сумын 14 дүгээр цэцэрлэг тус тус шалгарав. Харин “Шилдэг ойжуулагч иргэн”-ээр Дархан сумын III багийн иргэн Т.Төрбат, Дархан сумын VI багийн иргэн П.Хаш-Эрдэнэ, Дархан сумын XII багийн иргэн С.Дугаржав нар тодорч, ажил үйлсээрээ манлайллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр мөн сурагч, оюутан залуусыг хамруулсан экологийн сэдэвт уралдаан тэмцээн явуулав. ЕБС-иудын 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зарласан “Ус чандмань эрдэнэ” эссэ бичлэгийн уралдааыг дүгнэлээ. Уралдаанд сурагчид идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлснээс 1-р байрт IV дунд сургуулийн 11а ангийн сурагч А.Пүрэвжаргал, 2-р байрт IV дунд сургуулийн 11б ангийн сурагч М.Байгалмаа, 3-р байрт ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн их сургуулийн Лицей сургуулийн 10а ангийн сурагч Д.Цэрэнпил нар шалгарав. Харин оюутнуудыг хамруулсан “Байгаль орчин” сэдэвт АХА тэмцээнд 6 их, дээд сургууль, коллежийн 60 оюутан оролцож, тэргүүн байрт ХААИС-ийн Экологи, байгаль хамгаалалын III дамжааны оюутан Х.Баяржаргал, 2-р байрт Хүмүүлэгийн ухааны их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Сэтгэлзүйн ангийн I дамжааны оюутан Э.Баяржаргал, 3-р байрт ХААИС-ийн Агро инженерийн ангийн III дамжааны оюутан Б.Энхманлай нар манлайллаа. Сүүлийн жилүүдэд орон нутагтаа эрчимтэй өрнүүлж буй ойжуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа дарханчууд илэрхийлж байлаа гэж Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ