
Сургууль цэцэрлэгийн байгууллагад сурч, хүмүүждэг хүүхэд багачууд гахайн хавдраар өвчлөх нь нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-ийн Сургалт, мэдээллийн албаны дарга клиникийн профессор Ч.Уртнасангаас уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.
-Гахайн хавдар өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Толгой өвдөх, 38-39 градуст хүрч халуурах, хоолны дуршил муудах, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн дор хөндүүрлэж болно. Ам хуурайших, чихний ар хонхор болон шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гахайн хавдраар нэг өвчилсөн тохиолдолд насан турш дархлаа тогтоно. Ийм сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандаж болно.
-Яаж халдварладаг юм бэ?
-Гахайн хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайтай эрхтнүүдийг гэмтээдэг өвчин. Энэ өвчинд ихэвчлэн 4-16 насны хүүхдүүд өртөмхий байгаа. Халдварын нууц үе нь халдвар авснаас хойш дунджаар 21 хоног үргэлжилдэг. Энэ өвчин нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвар дамжуулдаг.
-Урьдчилан сэргийлэх арга зам?
-ХӨСҮТ-д урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж болно. Нэг удаа өвчилсөн тохиолдолд дархлаа тогтдогоороо онцлогтой. Ер нь бага насны хүүхэд эсвэл багадаа гахай хавдар тусаж байгаагүй насанд хүрсэн томчууд гэр бүлийн гишүүд дархлаагаа дэмжих витамин С, "Салимон” зэрэг бэлдмэлийг ууж болно. Хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал,10 хувийн давсны болон царвангийн уусмалаар тогтмол зайлах хэрэгтэй.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ