“Спрайт супер лиг”-ийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна
Энэ сарын 4-нд эхэлсэн Спрайт супер лигийн 3,4 тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тоглолт бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй болж буй нь тус лигт оролцож байгаа тоглогчдын ур чадвар нэмэгдсэнийг харуулж байна. Спрайт супер лигт эрэгтэй 14 баг тойргийн журмаар тоглож, плэй офф-д найман баг нь шалгарах бөгөөд тоглолт бүр чухал, хариуцлагатай юм. Эрэгтэй багуудаас лигийг нэг ч хожигдолгүйгээр 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс”, тус хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн “Эрдэнэдрийлинг RIGS”, хөдөө орон нутгаас зорьж ирж буй оролцож буй “Дархан” багийн залуус тэргүүлж байна. Багтаа О.Ууганбаярыг нэгтгэж хөгжлийн лигийн аварга болсон “Танан Импекс” баг супер лигт үндэсний шигшээ багийн Г.Ихбаяр, Б.Мөнхболд нарыг авсан билээ. Тэд лигийн эхний тоглолтоо энэ жил цом хамгаалан тоглож буй Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын Буянт-Ухаа багийн эсрэг хийсэн. Тоглолтын турш эн тэнцүү тоглосон хэдий ч эцсийн мөчид Танангийн залуус 81:74 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан юм. Улмаар хоёрдахь тоглолтондоо хөгжлийн лигийн аваргын төлөө тоглож байсан “ДХИС-ийн Шонхрууд”-тай таарч 93:89 харьцаатайгаар хожсон. Гуравдахь тоглолтоо “МТ” багаас Б.Билгүүн, “Хаан банк” багаас Э.Төгөлдөр, М.Төрмөнх нарыг багтаа нэгтгэсэн “ОТИС”-ийн багтаа тоглож 91:87 харьцаатайгаар, “Орчлон Мон торх” багийг 84:76 харьцаатайгаар тус тус хожсоноор лигийг итгэл төгс тэргүүлж байна. Цом хамгаалагч ИНЕГ-ын “Буян Ухаа” багийн хувьд хожигдлоор шинэ улирлыг эхлүүлсэн. Тэд “Танан Импекс” баг хожигдсоны дараа “Эрдэнэдрийлинг RIGS” багт 92:81 харьцаатайгаар, “ДХИС-ийн Шонхруудад” 84:82 харьцаатайгаар тус тус хожигдож 3 хожигдолтойгоор лигээ үргэлжлүүлж байсан. Харин 4 дэх тоглолтондоо Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй “Хөвсгөл нэг үе” багтай тоглож, тоглолтын сүүлийн мөчид ИНЕГ-ын “Буян -Ухаа” багийн Ц.Цогтбаяр алсын зайнаас дараалан амжилттай довтолж багааа хожилд хүргэсэн. Цом хамгаалагчид 4 тоглож, 1 хожил, 3 хожигдолтойгоор хүснэгтийн 13-т бичигдэж байна. Хурд, оновчтой дамжуулалт, амжилттай довтолгоо энэ бол “Эрдэнэдрийлинг RIGS” багийн давуу тал билээ. Лигийг тэргүүлэгчдийн нэг RIGS-чүүд эхний тоглолтоо “Lodestar” багийн эсрэг хийж 90:78 харьцаатайгаар, хоёрдахь тоглолтондоо цом хамгаалагч ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийг 92:81 харьцаатайгаар хожиж илүүрхсэн. Гуравдахь тоглолтондоо “Хөвсгөл нэг үе” багийг 84:75 харьцаатайгаар, “I chuk” багийг 92:74 харьцаатайгаар тус тус буулган авснааар 4.4.0 гэсэн үзүүлэлттэй лигийг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Хөдөө орон нутгаас зорин ирж Спрайт супер лигт тоглож буй “Дархан” баг мөн нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлэгчдийн нэг юм. Тэдний давуу тал бол тоглолтын төгсгөлийн маш сайн хийдэг, багийн тоглолт сайтай баг юм. Улирлын эхний тоглолтоо “Орчлон Мон Торх” багтай хийж улмаар 77:75 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин хоёрдахь тоглолтондоо өсвөрийн сагсчдаас бүрдсэн “TLG13” багтай хийсэн билээ. Гурван оноогоор хожигдож байхдаа, цаг дуусах мөчтэй зэрэгцэн алсын зайнаас амжилттай довтолж тоглолтын тоог тэнцүүлсэн. Улмаар цаг сунган нэмэлт цагт “Дархан” багийн залуус амжилттай довтолж 75:71 харьцаатайгаар хожсон. Дараа нь “Mon Tel Panasonic” багийг 88:71 харьцаатайгаар, “Lodestar” багийг 86:66 харьцаатайгаар тус тус хожсоноор лигийн 4.4.0 гэсэн үзүүлэлттэй тэргүүлж байна. Эмэгтэй зургаан баг оролцож байгаа бөгөөд хоёр тойрог явагдан, плэйофф-д 4 баг шалгарна. Одоогийн байдлаар багууд 4 тоглолт хийгээд байгаа билээ. Нэг хожигдолгүй “Говь81” багийн охидууд Спрайт супер лигийг тэргүүлж байна. Тэд сүүлийн тоглолтоо МУИС-ийн эсрэг хийсэн. Эн тэнцүү өрсөлдсөн тоглолтын төгсгөлд 51:47 харьцаатайгаар “Говь81” баг өрсөлдөгчөө хожсон юм. Аварга баг нь АНУ- дахь Бүх Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд лигээ төлөөлөн оролцох лиг улам л сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Та бүхнийг багаа Буянт Ухаа спорт цогцолборт хүрэлцэн ирж дэмжихийг хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ