V дугаар эх үүсвэрийг хангаж дийлэх үү?

img

Нүүрсний салбарынхан жилдээ хоёр ч удаа чуулан тулгараад байгаа, шийдвэрлэх шаардлагатай  асуудлуудаа ярилцдаг жишиг тогтоод буй.  Хуралдаж, зөвлөлдөөд ямар үр дүн гарч байна вэ гэдэг нь гол асуудал хэдий ч тэгж амархан шийдвэрлэгдэх асуудал юу байх вэ гэсэн хариултыг Дэд сайд Б.Ариунсан өгч байсан удаа бий.  Тэгвэл тэгж амархан шийдвэрлэгддэггүй цөөнгүй  асуудалтай  нүүрсний салбарынхан өнөөдөр дахин  нэг ширээний ард зэрэгцэн сууж байна.

“Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтны ээлжит IV зөвлөгөөн” гэсэн нэртэй тус арга хэмжээ  “Нүүрсний уурхайнуудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, салбарын бүтээн байгуулалт” гэсэн сэдэвтэй. Өмнө нь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн тодотголын дор явдаг байсан бол ийн өөр өөдрөг гарчигтай болж.

Тавигдах илтгэлүүдийг нь харвал арай өөр.  “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал”, “Нүүрсний уурхай, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл”  “Тавантолгой” төсөл,   “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр, зах зээл” ,  Хагас коксын “НАКО” үйлдвэр, “Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх төсөл” зэрэг илтгэлүүд байна. Тэгээд төрийн мэдээллийн цагтай.  Өмнөх зөвлөлгөөнүүд дээр Дэд сайд Б.Ариунсан эрхэм л ирж, ярьж үзэгддэг бол энэ удаад ЭБЭХ-ий толгой сайд Д.Зоригт ирж буйгаараа онцлогтой юм.

Өмнөх зөвлөлгөөнүүд дээр ихээхэн хөндөгдөж ирсэн асуудал хувийн хэвшлийн нүүрс үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлүүд. Тэрчлэн нүүрсний салбарын эхний чуулган дээр чуулган дээр тулгамдсан зургаан асуудлыг тодорхойлон гаргаж байсны нэгийг  нь л  буюу боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг бүтэн жилийн дараа шийдвэрлэсэн.

Засгийн газар өнгөрөгч оны нэгдүгээр сард ээлжит бусаар хуралдан  гаргасан тогтоолд  “Гашуун сухайт", "Шивээ хүрэн", "Ханги" боомтыг энэ оны хоёрдугаар сард багтаан 24 цагийн үйл ажиллагаатай, олон улсын боомт болгох талаар БНХАУ-ын талтай холбогдох хэлэлцээ хийж хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Тус боомтууд 24 цагийн горимд шилжихтэй холбогдуулан хил, гааль, хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлэх, шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, Засгийн газарт энэ оны I улиралд багтаан оруулах, гэхчлэн тусгаж өгсөн юм.

Үүнээс өөрөөр нүүрс үйлдвэрлэгчдийн өмнө тулаад байдаг асуудлууд руу хараахан ороогүй харагдаж байна.

Экспортлогчдын хэлж ярьдаг бас нэг гол асуудал нь тухайн  компани улсад нөөц ашигласны төлбөр гэж таван хувийн татвар төлөхдөө Хятадын Засгийн газраас тогтоосон үнээр тооцож төлдөг гэх гомдол. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр  “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол гарснаар бүх төрлийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн сард БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл бүхий албан ёсны сэтгүүлд (China coal weekly, www.coalworld.net) нийтлэгдсэн үнийн жишгийг харгалзан сар бүр тогтоож байхаар болсон. Хятадын сэтгүүлд нийтлэгддэг үнэ нь тус улсын Засгаас тогтоосон үнэ.  Сoalworld.net  цахим хуудас дээр гаргасан нүүрсний үнэд тээврийн зардал,  Хятадын Засгийн газраас тогтоосон  17 хувийн НӨАТ ба нүүрс боловсруулсан өртөг гэхчлэн   шингэсэн байдаг.

Хятадын талын энэ олон зардлуудыг хувийн хэвшлийнхэн нуруундаа давхар үүрч ирсэнээ, тонн нүүрсээ борлуулсан бодит үнээсээ илүү өндөр үнээр  татварын хэмжээгээ тооцож төлж ирж байгаагаа хэлдэг.

Харин засаг дахь эрхмүүд үүнийг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. АМГ-ын нүүрс судалгааны хэлтэс нь Хятадын Засгийн газрын үнийг жишиг болгон үнэ тогтоох ажиллагааг гардан гүйцэтгэгч талуудын нэг. Тиймээс тус хэлтсийн даргаас:

- Экспортын нүүрсний үнийг тогтоохдоо Хятадын Засгийн газраас тогтоосон үнийг жишиг болгодогт хувийн хэвшлийнхэн сэтгэл дундуур байдаг шүү дээ. Түүхий, тээврийн зардал ороогүй нүүрсний цэвэр үнэ хэд байна вэ? Хэмээн тодруулахад:

- Тонн нүүрсний үнэ уурхайн аман дээр 20-30 ам.доллар байгаа бол, хил дээр очиход тээврийн зардал нь нэмэгдээд 50, 60, 70 ам.доллар болох жишээтэй. Хил давахаар мөн үнэ нь нэмэгдээд явчихна. Гол нь бид түүхий нүүрсээ экспортлож байгаа учраас үнэ нь харьцангуй доогуур байна шүү дээ.

Тиймээс түүхий нүүрсний экспортоос аажимаар татгалзаж, бүр цэглэнэ. Нүүрсээ угаана, баяжуулна, хагас болон бүрэн коксжуулах бүх ажлыг төрийн бодлогоор хийгээд явна. 2020, 2025 он гэхэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн олон улсад экспортлогч улс болох зорилготой байна гэсэн хариултыг өгч байсан юм.

Тэгэхээр хэлж ярьсан асуудал бүр тийм амар бодьтой ажил болохгүй нь албан тушаалтнуудын хандлагаас анзаарагдана.

Мөн бидэнд тогтмол тулгарч буй нэг асуудал нь дотоодын эрчим хүчний нүүрсний хангамжийн асуудал. Нүүрсний экспортын хэмжээг өсгөх тухай дан ярихаас илүүтэй улс орны дотоодын аюулгүй байдлын тулгууруудын нэг  эрчим хүчний нүүрсний хангамжийн тухай ярих шаардлагатай.

Бодит байдал дээр нөхцөл амаргүй. Уурхайнууд үнэ чөлөөлөх ёстой гэсэн байр суурь дээрээ зогссоор байгаа.  2009-2010 оны өвлийг нэлээн хүнд байдалтай давсан Эрчим хүчний нүүрсний хангамжийн уурхайнууд  2010-2011 оны өвлийг харьцангуй гайгүй давсан юм шиг харагдаж байгаа ч бугласан асуудал хэвээр байгааг АМГ үгүйсгэдэггүй.

Тэрчлэн  нөөц ихтэй байж төвийн эрчим хүчний системийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээрээ найдвартай хангах тал дээр улам анхаарч, нүүрсний салбарыг  чөлөөт зах зээлийн хуулиар явуулах шаардлагатай байгаа гэсэн байр суурийг илэрхийлэгсэд ч олон.

Уурхайн удирдлагууд нүүрсний  үнээ нэмэх хүсэлтээ удаа дараа бичгээр өгч ирсэн ч, өрөө шийдэж ядсан станцууд болоод цаадах гол хэрэглэгчдийн эрх ашиг гэдэг том зүйл бий. Гэсэн ч нэмэхгүй бол уурхайнуудын нөхцөл байдал бүр хэцүү гэхчлэн тал талын бэрхшээлүүд бий.

Ямартай ч уурхайнуудад  10 хувь нэмэх боломж яригдаж ирсэн. Тэглээ гээд ч уурхайнууд алдагдалтай хэвээр байна. Эрчим хүчний хэрэглээ асар их нэмэгдэх прогнозтой байхад  энэ их эрчим хүч үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай нүүрсээр хангаж байх үүргийг хүлээсэн төрийн өмчит уурхайнуудынхаа техник, технологийн шинэчлэлийг, нүүрсний үнийг, хүчин чадлыг яаж үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ гэдэг дээр төр тов тодорхой бодлого барьж, бодитой ажил болгох ёстой. Үгүй бол энэ асуудлууд тулгамдсан хэвээрээ л байна. Манайх Засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч агентлаг боловч, бодлогын төвшний асуудлын талаар бодлого боловсруулагч яамандаа асуудал тавьдаг, тавьж байгаа гэсэн зүйлийг АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг эрхэм хэлж байсан.

Эрчим хүчний  тав дахь эх үүсвэрийг барьж байгуулах тухай ярьж байгаа мөртлөө шинэ эх үүсвэрийн нүүрсний хэрэгцээг хангаж дийлэх уурхайгүй байх гээд байгаа  нь, Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны бодлого маш тодорхой гарч ирэх шаардлагатай байгааг, тэгж байж эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, төслүүд уялдаж, дагаж гарч ирэх ёстой.  Улмаар Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого бүрэн  тодорхой болох нөхцөл бүрдэхээр харагдаж буй.

Энэ мэт олон асуудалтай нүүрсний салбарынхан ямартай ч өнөөдөр чуулж байна. Мэдээж үр дүн чухал. Дэд сайдын хэлсэнчлэн тэгж амар үр дүн гарахгүй байж болох ч, холын үр дүнг ойртуулах чиглэлийн үр дүн гарах ёстой биш үү?

Э.Болор

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

24 n tsagraar hil ee neegeed, 2020-2025 on gehee al hediin nuurs duusna baihaa daa hoo. Bodlogo gej..... 8 jil gedeg chin 2000 garay ajlin odor tegeed eniig 24 tsagt urjuulbel 50.000 garay tsag neg tsagt heden tonn nurs garah u? mongol ulsin horsiig huulaad gargasan ch hurnee dee /120 tonni mashinaar/ .
2011-10-25