ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын ДОХ-той тэмцэх үндэсний хороо, ФСЭЗХ-ээс хамтран зохион байгуулж буй ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан “Манай улс ХДХВ-ийн халдварын тархалт багатай орны тоонд ордог ч 2011 оны эцсийн байдлаар ХДХВ/ДОХ-ын 100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 80 орчим хувь нь сүүлийн таван жилд бүртгэгдсэн. ХДХВ/ДОХ-той жирэмсэн эх, хүүхэд тэдний сурч боловсрох, эмчлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, ХДХВ/ДОХ-ын улмаас хүүхэд өнчрөх гэх мэтчилэн олон асуудал бидний өмнө тулгамдаж эхэлж байна.
Цаашдаа ч улам олон асуудал амьдралаас урган гарах нь ойлгомжтой. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрхийг нь зөрчих, ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг улс орнуудад онцгойлон анхааруулж байгаа.
Манай улсад ч хүний эрхийн ийм зөрчил байгаа нь хууль тогтоомж дахь хүний эрхийг зөрчсөн заалтуудаар илэрч байгаа. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ажлын хэсгийн IX хуралдаанаар Монгол Улсын хүний эрхийн илтгэлийг хэлэлцээд Засгийн газарт ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хүний эрхийг хангах талаар “ХДХВ/ДОХ-той хүмүүсийн оролцоотойгоор бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг хориглох, урьдчилан сэргийлэх, шийтгэх болон устгах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, үр дүнтэй арга хэмжээг нэн даруй авах”-ыг зөвлөмж болгосон.
Иймд Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүднээс “Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуульд хүний эрхийг зөрчиж байгаа заалтуудыг хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх шаардлагад нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй юм. Хуулийн төсөл нийт 3 бүлэг, 14 зүйлээс бүрдэж байна” гэсэн юм. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ