Нөөцийн махыг 10 мянган тонноор нэмнэ

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний өдөр хотын захын хорооллын  хэд хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийн, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Энэ шалгалтын үр дүн эхнээсээ гарч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа. Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа хямд үнэтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байгаа нь үнэн. Нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж буй өргөтгөсөн худалдаатай танилцсан Ерөнхий сайд махны хангамж хангалттай байгаа ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруутай холбоотой.  Бяр чадалтай нь мах авдаг тэгш бус зарчим нөөцийн  махны борлуулалт дээр үйлчилж байна гэж тэрбээр шүүмжлээд ахмад настай хүмүүст нөөцийн махыг гэрээр нь хүргэж өгөх үүрэг, даалгавар өгсөн билээ. Энэ дагуу хотын удирдлагууд 80-аас дээш настай буурлуудад нөөцийн махыг гэрт нь хүргэж өгч эхэлжээ. Өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар дахин анхааруулж иргэд бяраа үзэж мах худалдаж авдаг байж болохгүй. Иймд мах худалдах зохион байгуулалтыг маш оновчтой хийж, иргэдийн дунд бухимдал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа. Энэ ч үүднээс нийслэлийн хүн амын  хэрэгцээнд зориулан хөдөө орон нутгаас дахин нөөцийн мах татах үүрэг өгсөн байна. Аймгуудын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл энэ оны 6 дугаар сарыг дуустал махны нөөцийг одоо байгаа 9 тн нөөц дээр 10 мянган тн-оор  нэмж бүрдүүлэн, худалдахаар болж байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгжтэй мах нэмж нийлүүлэх гэрээ байгуулах, борлуулалтын оновчтой хэлбэрийг бий болгох, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм. С.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad\hiig chin zarj borluulj bgaa humuusiin ah dvv, hamaatan sadanguud ihenhiig n huwaaj awaad duusch bgan bnleeshde, bi ochigdor nudeeree uzlee
2012-02-16