
Чингис хааны төрж өссөн Бурхан халдуныг дэлхийн анхны тахилтат уул гэдэг утгаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан дэлхийн өвд бүртгүүлэхээр болжээ. Бурхан Халдун нь Хэнтий аймгийн Хэнтийн нуруунд багтдаг мөнх цаст уул. Чингис хааны төрсөн нутаг төдийгүй түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтэж ирсэн. 1992 онд 12,000 km² талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан аж.
Мөн БОАЖЯ-ныхан Дорнод аймгийн гурван сум, ОХУ-ын Чита мужийг хамарсан Дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр болжээ. Монгол Дагуурын Дархан цаазат газар нь хээр тал, амьтан, ургамал, нүүдлийн болон усны шувуудын амьдрах орчин болох ус намгархаг газар нутгийг байгалийн төрхөөр нь хамгаалах, судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1992 онд дархан цаазат газраар тогтоож, 1994 онд Монгол-Орос-Хятадын хамтарсан Дагуурын дархан цаазат газар болгон өргөжүүлж, улмаар 1997 онд Зүүн хойд Азийн тогоруу хамгаалах олон улсын сүлжээ нутагт хамруулсан. Дархан цаазат газарт Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал сумын нутгийг хамарсан 103 мян га талбай хамаардаг. Энд Зүүн Азид тархсан тоо толгой нь ховордож буй цэн, хар, цагаан болон өвөгт тогоруу өндөглөдөг бөгөөд нүүдлийн үедээ олноороо бөөгнөрөн цуглардаг аж.
Ерөнхийлөгчийн 230 дугаар зарлигаар байгуулагдсан комисс ОХУ-ын Чита мужид болж буй ЮНЕСКО-гийн хуралд дээрх хоёр дархан цаазат газруудын талаар танилцуулна. Дэлхийн байгаль, соёлын өвийн хороонд ирэх есдүгээр сарын 30-ны дотор бүрдүүлсэн материалаа хүргүүлэх бөгөөд дээрх нутгийг бүртгэх эсэхийг 2014 онд шийдэх юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ