Аймгуудыг Улаанбаатартай холбох ажил дөрөвдүгээр сард эхлэнэ

img

Засгийн газрын энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаар авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцсан. Үүнтэй холбогдуулан нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй аймгийн төвөөс зам тавьж эхлэх, зам, гүүрийн ажлыг санхүүжүүлэх, гадаадаас ажиллах хүч оруулах зэрэг асуудлаар санал боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгасан юм. Энэ дагуу сайд Ц.Дашдорж саналаа өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой  холбох замын ажил эхлээгүй байна. Замын ажлыг эхлүүлэх шийдвэр гарсны дараа тендер зарлавал хугацаа алдах учир шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Энэ дагуу авто замын барилгын ажил, барилгын ажлын технологийн хяналт хийж гүйцэтгэх зөвлөхийн ажлын жагсаалтыг хуралдаанаас баталсан байна. Замын ажилд шаардагдах 293 орчим тэрбум төгрөг, үүнээс эхний ээлжинд буюу энэ онд хэрэгтэй 88 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, банкны үйл ажиллагааны зардалд зориулан гэрээт ажил бүрийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг төсөвт өртгөөс тусад нь тооцож байхаар болжээ. Түүнчлэн гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө болон “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих замын ажлуудыг гүйцэтгэхэд ажиллах гадаадын ажилчны тоо, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг тухай бүр хянаж, зөвшөөрөл олгож байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад зөвшөөрөв. Одоогоор Архангай, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Тэгвэл Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь аймгийн төвийг нийслэлтэй холбох замын ажлын явц 14-90 хувьд хүрчээ. Энэ онд нийт 2919.4 км хатуу хучилттай зам, 3465,3 у/м төмөр бетон гүүрийн ажил хийх бөгөөд гэрээний дагуу 880,8 км зам, 569,4 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулах юм. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгө оруулалтаар 1100 км зам, 414.3 у/м төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулсан байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлснээс бусад 346,4 км зам, 1269,3 у/м төмөр бетон гүүр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгаа зургаан чиглэлийн 741 км замын ажил он дамжин хийгдэнэ. С.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ