Засгийн газрын хуралдаанаар Их сургуулиудын хотхон байгуулах ажлын явцтай танилцаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг дэмжлээ.
Хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, “Шивээтийн хөндий”-д байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд, барилга барьж болох хэдий ч эрсдэл ихтэй, өртөг нь 2 дахин нэмэгдэх учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байгаа юм.
Иймээс шинээр товлосон газарт инженер-геологийн болон бусад судалгааг яаралтай хийх, хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан засвар өөрчлөлт оруулах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
Нэгдсэн хотхонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, СУИС гэсэн төрийн өмчийн таван сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, бизнесийн инкубаторт байрлах мэдээллийн болон шинэ технологийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулан зохицуулахаар төлөвлөжээ.
Хотхон нь Техник, технологийн шинжлэх ухааны, Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны, Байгалийн ухааны, Эрүүл мэндийн шинжлэх ухааны, Соёл, урлаг, спортын, Худалдаа, үйлчилгээний, “Силикон вээлий” буюу Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн, Суурьшлын гэсэн бүстэй, 100 мянга орчим оюутан, нийт 150 мянган хүн амтай, бие даасан дэд бүтэцтэй байх юм.
Хотхон сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл хосолсон оюуны төв, шинжлэх ухаан, технологийн паркууд, бизнесийн инкубаторууд бүхий тусгай бүс болж байгаа учир Их сургуулиудын хотхоны эрх зүйн актыг боловсруулж, хуульчлах шаардлага ч гараад байна.
Хотхон байгуулахад шаардагдах мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх Мэргэжлийн сургаль, үйлдвэрлэлийн төвийг Концессын хуулийн дагуу БНСУ-ын “КТ” компани барих юм.
Ховд аймагт баригдах Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулахын тулд инженер-геологийн болон бусад судалгааны ажлыг хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.
Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баруун болон Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг Ховд, Дорнод аймагт, Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймагт, Техник, технологийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу Ховд аймагт 200 га, Орхон аймагт 100 га, Дорнод аймагт 50 га газар олгоод байна. Харин Дархан-Уул аймагт газрын асуудлыг хараахан шийдээгүй байна.
С.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ