
Хавдрын үндэсний бүртгэлийн сургалт, эргэн дуудах тогтолцооны программ хангамж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, сургалтын төвд боллоо. Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Бурак С.Инанч, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Л.Төмөрбаатар зэрэг албаны хүмүүс оролцлоо. ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв нь Хавдрын үндэсний бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх, умайн хүзүү, хөхний хавдарыг илрүүлэх үзлэгийн хүрээнд 400.000 ам. долларын “Хавдрын бүртгэл, эргэн дуудах тогтолцоо” төслийг 2010-2013 онд хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Энэхүү төслийн зорилго нь Хавдрын бүртгэлийн Олон улсын стандарт программ хангамжийг боловсруулж, суурилуулах бөгөөд Монгол Улсад хавдрын үндэсний бүртгэлийн дэвшилтэт статистикийн систем бий болгож, эмнэлэгт болон хүн амд суурилсан хавдрын нэгдсэн бүртгэл мэдээлэлтэй, тоо мэдээлэл үнэн зөв, бодитой улмаар нотолгоо, судалгааны баазтай болоход чиглэгдэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ