
Монгол Улсын төрийн зүтгэлтэн, нэрт дипломат, Гадаад явдлын яамны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээг Гадаад харилцааны яамандХЯ, МУИС-ийн ОУХС, “Монгол элч” ТББ хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд М.Дүгэрсүрэн сайдын гэргий С.Наран, үр хүүхдүүд нь, мөн түүнтэй хамт ажиллаж байсан үе үеийн ахмад дипломатууд, хамтран зүтгэгчид, найз нөхөд нь оролцож, Монгол Улсын гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх, дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөх, олон улсын харилцаанд хувь нэмэр оруулахад түүний бүтээсэн түүхэн гавьяаны талаар дурсан ярилцсан байна.
Мөн “Орчин үеийн дипломат арга ажиллагааны онол, практикийн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС- нэгдүгээр байранд болжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож “Монгол Улсын орчин үеийн гадаад бодлого ба дипломат ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан байна. Мөн доктор, профессор Т.Төмөрхүлэг, Д.Цолмон, Н.Алтанцэцэг, ахмад дипломат П.Нямаа, Б.Оросоо нар Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлогын асуудлаар болон М.Дүгэрсүрэн сайдын амьдрал, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ