Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, тусгай ротт бэлтгэж байгаа хэмээн Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, шаардлагатай гэвэл сайдыг огцруулах асуудлыг хүртэл хөндөнө гэж байсан. Дээрх асуудалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Батлан хамгаалахын сайд сонгуулийн үеэр ард түмнийхээ эсрэг ажиллах тусгай ротт бэлтгэж байгаа хэмээн Ардчилсан намын бүлэг үзэж байгаагаа мэдээлсэн. Энэ ямар учиртай ротт юм бэ?
-Батлан хамгаалах яамны жолоочоос эхлээд туслах, зөвлөх, дарга, цэрэг гэлтгүй бүгд цэргийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Энэ салбарыг тэргүүлж байгаа сайд нь л ганц энгийн хүн байна. Цэргийнхэн гэдэг тушаалаар ажилладаг хүмүүс байдаг тул энэ салбарыг улс төрөөс хол байлгах ёстой. Салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангас асуудал ярьсан. Энэ бол миний хийх ёстой ажил, үүрэг гэж бодож байна.
-Хууль бусаар төрийн албан хаагчдыг ажлаас нь халж байна гэсэн байсан?
-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд миний бие өнөөдрийг хүртэл улс төрийн шалтгаанаар нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй. Ажлаас халах шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой. Үүнийг Зэвсэгт хүчин жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, цэргийн албанаас бүрэн чөлөөл гэдэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад нь шилжүүлэх болсон. Нэг цэргийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харьцааны үүднээс биед нь ноцтой гэмт учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Ийм л зүйл болсон.
-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?
-Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг гэдгийг дээр хэлсэн. Энэ хүрээнд зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурьдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд хуулийн өндөр мэргэжилтэй хүн. Тиймээс хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэшсэн байдалд таарна гэж үзсэн юм.
-Та яагаад АН-ын бүлгийн хуралд оролцох боломжгүй гэсэн юм бэ. Тэдэнд ажлаа тайлагнах нь таны үүрэг биш юм уу?
-АН-ын бүлэг тодруулга авах шаардлага нь тэнд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой гэж ойлгосон.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ