
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдааны эхэнд намрын чуулганыг завсарлуулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлах саналыг УИХ-ын даргад тавихаар шийджээ. Учир нь УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганыг долоо хоног сунгах боломжтой. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа билээ. Хуульд зааснаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гаргах тохиолдолд УИХ-ын дарга захирамжаа гаргаж, өдөр цагийг товлодог байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасан энэхүү эрхийг анх удаа эдлэх болж байна гэдгийг бүлгийн дарга онцоллоо. Мөн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шалтгаан үндэслэл байгаагаа хэд, хэдэн хуулийн төсөлтэй холбогдуулан тавьж байна. Нэгдүгээрт, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталж, иргэд хувьцаа эзэмших боломж нөхцлөөр хангах. Хоёрдугаарт, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах. Уг нь УИХ болоод Орон нутгийн сонгуулийг хамт нэг өдөр зохион байгуулна гэсэн зарчмын шийдлийг эрт гаргасан. Гэхдээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасан зарим нэг заалтуудыг өөрчилж бусад хуультай зөрчилдөхгүй байхаар эрх зүйн хувьд нь нэг мөр болгох ёстой. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулах бол орон нутгийн сонгуулийн дүнг гараар тоолно. Санал авч дуусах хугацаа УИХ-ын сонгуульд 20.00 цагаар дуусгавар болох бол Орон нутгийн сонгуульд 22.00 цаг гэж заасан. Нэг сонгууль нь ажлын өдөр зохион байгуулагдах бол нөгөө нь амралтын өдөр гээд хоорондоо зөрчилдсөн олон заалтууд бий. Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Нөгөө талаас УИХ дахь Ардчилсан бүлгийн зүгээс өчигдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал тавьсан байна. Энэ нь аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийе. Ийм хувилбар сонгосон нөхцөлд Сонгуулийн ерөнхий хорооноос болгоомжлуулаад байгаа ажлын ачаалал, саналын хуудсаа бэлтгэх хугацаан дээр асуудал үүсэхгүй. Учир нь сум, дүүрэг, багийн хэмжээнд 1500 орчим саналын хуудас бэлтгэгдэх учраас нэлээд ажил хөнгөлнө гэж үзжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын хүрээнд одоогоор хариу ирүүлээгүй байгаа. Ямар ч байсан Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж, хариу ирүүлнэ гэсэн мэдээллийг өгөөд буй тухай Ч.Сайханбилэг дарга мэдэгдлээ. Харин өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдаад Батлан хамгаалахын сайдтай холбоотой ямар асуудал хэлэлцсэн талаар асуухад, “Төрийн өндөр албан тушаалтнуудаас сонин хэвлэлд гараад байгаа мэдээллүүд хэр үнэн бодитой вэ гэдэг талаар тайлбар авсан. Мөн Батлан хамгаалахын сайдад сайдын хурлын зөвлөлийнхөө протколыг ирүүлэхийг хүссэн. Өнөөдрийн өдөр тутмын сонинд Батлан хамгаалахын сайдын ярилцлага гарсан байна. Түүнд өнгөрсөн хугацаанд гарч байсан тэр зовнилуудаа өөрөө ярилцлагандаа баталсан байна. Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбогдолтой, энэ асуудалд нь арми бэлэн байх тухай гээд. Энэ асуудал бол нэлээд ноцтой санаа зовоосон асуудал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Тийм учраас ээлжит бус чуулганы хугацаанд Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлыг тавина. Бүлгээс ажлын хэсэг гаргасан, тэр бүхнийг нь нягтлан шалтгаад, ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод огцруулах асуудлыг тавихаа үгүйсгэхгүй байна”гэсэн юм. С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ