11 дүгээр сард 3 хүн шилбээ, 5 хүн хөлийнхөө хурууг тайруулжээ
Цаг агаар хүйтэрч, иргэд согтуугаар хөлдөж осгох нь ихсэж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард л гэхэд 5 хүн хөлийнхөө хурууг тайруулж, 3 хүн шилбээ тайруулсан байна. Цаг агаар огцом хүйтэрч, цасан шуурга баруун бүсийн нутгуудаар шуурч байна. Энэ үед зөвхөн нйислэлийн хэмжээнд л гэхэд иргэд архидан согтуурч, хөлдөх тохиолдол ихсэж байна гэдгийг гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хэлж байлаа. Өнгөрсөн 11 дүгээр сард 20 гаруй хүн хөлдөж, осгон анхан шатны тусламж авч, гэмтлийн эмч нар ачаалалтай ажиллаж байгаа аж. Хүлээн авахын эмч нарын хэлж байгаагаар хөлдөж, осгон ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ухаанаа алдатлаа согтож, хөлдсөн эсэхээ ч мэдэхгүй эмнэлэгт хүргэгдэн ирдэг гэнэ. Харин цөөн хэдэн хувь нь бусдад дээрэмдүүлж, ухаан алдатлаа зодуулсан хүмүүс байжээ. Ойрдоо цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа учраас тээвэрчид болон замд гарах гэж байгаа хүмүүс дулаан хувцастай явахыг эмч нар анхааруулж байлаа. Энэ сар гарсаар хөлдөж, осгон эмнэлгийн тусламж авсан хүмүүсээс 3 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ