
ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркел маргааш манай улсад анхны айлчлалаа хийх гэж байна. Энэхүү айлчлал нь ХБНГУ-ын Канцлер буюу Засгийн газрын тэргүүний хэмжээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол–Германы уламжлалт, найрсаг харилцааны үргэлжлэл болно гэж үзэж байгаа юм.
хатагтай Ангела Меркел Ерөнхий сайд С.Батболдтой хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт бараалхана.
Айлчлалын үеэр хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал боловсруулах, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм.
Дашрамд дурдахад, манай улсад 16 цагийн айлчлал хийх тэрээр УИХ-ын пүрэв гаригийн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн түүний айлчлалын багийнхан Хаан паласт буудаллах юм байна. Тус буудлын 102 өрөөний 97-г нь захиалсан байна.
Хатагтай Ангела Меркелийн буудаллах өрөөг уншигчиддаа сонирхуулахад буудлын хамгийн өндөр үнэтэй дээд зэрэглэлийн өрөө аж. Ариун цэврийн, уулзалтын, зочны, ажлын, унтлагын өрөөнөөс гадна агааржуулалт дээд зэргийн өрөө юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ