
УИХ-ын нэгдсэн чуулган цагаа сунган хуралдаж байна. Хэлэлцэх асуудлын дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Су.Батболд “Уг хуулийн төсөл дээр завсарлага авъя” гэв.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Яагаад завсарлага авч байгаа гэдэг үндэслэлээ тайлбарлаач” гэлээ. Үүний хариуд Су.Батболд “Хоёр намын бүлгийн ахлагч тохироод өнөөдөр хуралдсан бүлгийн хурлын талаар мэдээлэл хийхгүй гэж тохирсон.
Гэтэл АН-ын ахлагч хэлсэндээ хүрэхгүй мэдээлэл хийсэн. Танайх 2012 оны төсвийн тодотгол дээр завсарлага авсан. Та нар яахаараа завсарлага авч болдог. Бид нар яагаад болдогүй юм бэ” гэв.
Энэ байдлаар маргаан үргэлжилсээр байна. Дээрх маргааныг өндөрлөтөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг УИХ-ын дарга үүрэг болгов.
Харин энэ хооронд УИХ дахь хоёр намын бүлгийн ахлагчийг тохиролцолд хүр хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үүрэг өгснөөр чуулган түр завсарлаад байна.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ