
БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон монголчуудын хэргийн шийдвэрлэлтийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.
-
Мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдсан, тээвэрлэсэн хэрэгт өмнөд хөршид хэдэн хүн хоригдож байна вэ?
-БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон 23 хүн бий.
-Тэднийг ялтан солилцох хэлэлцээрийн дагуу нутагт нь авчрах боломж бий юу?
- Монгол Улс Өмнөд хөрштэй ялтан солилцох гэрээ хэлцлийг байгуулж өнгөрөгч онд УИХ баталсан . Одоо Хятадын парламент батална. Үүний дараа батламж жуух бичиг хүчин төгөлдөр болно. Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг ялтан солилцоогоор шилжүүлэн авах боломж бага. Гэхдээ Хятадын талаас хэлэлцээрийн явцад ямар нэгэн онцгой тохиодолд хэлэлцээр хийж болно гэсэн тохироо бий. Тухайлбал эрүүл мэндийн байдал нь эрс муудсан тохиолдолд монгол руу шилжүүлэх хэлэлцээр хийгдэх боломжтой. Өнгөрөгч онд БНХАУ-д ял эдэлж байсан эгч дүү хоёрыг эмчийн үзлэг, шинжилгээ дүгнэлтийг үндэслэн нутагт нь авчирсан.
-
Хамгийн сүүлд баривчлагдсан хоёр оюутны хэрэг юу болов?
- Хятадад хар тамхины хэргээр шүүгдэх байсан хоёр залуугийн хувьд хэргийг нь шүүхээс түр хойшлуулж, нэмж шалгах шийдвэр гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
-Хилийн чандад хэдэн монгол байна вэ, хэрэгт холбогдсон нь хэд вэ?
- Элчин сайдын яамаас авсан мэдээллээр хилийн чандад 150 мянга гаруй монгол бий гэсэн судалгаа бий. Тэднээс 16 улс оронд 200 гаруй иргэн хэрэгт холбогдож 120 нь ял шийтгүүлсэн. Хятад, унгар хоёрт гэмт хэрэгт холбогдсон монголчууд олон бий.Түүнчлэн өнгөрсөн онд гадаадад амьдарч буй монголчуудаас өвчний, гэнэтийн байдлаар амь насаа алдсан 10 гаруй хүн бий.
-А. Батсайханы хэрэг шийдэгдсэн үү?
- А.Батсайханд холбогдох янжуур тамхины хэргийн шүүх хурал болоогүй . Уг хэргийг дахин шалгаж нягтлах шаардлагатай гэж үзэн хяналтны шатнаас мөрдөн байцаалтад буцаасан.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ