
УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг зөвшилцөж байна. Уг хуулийн төслийн талаар хурлын эхэнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулга хийж, дараа нь гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Э.Бат-Үүл: Энэ хуулийн төсөл хаврын чуулганаар дутуу боловсруулалттай орж ирсэн. Зарчмын шинжтэй өөрчлөлтүүд тусгагдаагүй байна. Дүүрэг, хотын ялгааг сайн тусгасан гэж байна. Өмнөх хуулинд нь энэ ялгаа байсан юм. 2000 онд энэ Газрын тухай багц хууль нэртэй бизнесмэнүүдийн бизнес план батласан. Энэ цагаас хойш Газрын албаныхан гэж ид шидтэй хүмүүс болсон. Цагаан дээр хараар Газрын тухай хуулинд Зайсангийн аманд нэг ширхэг ч байшин барьж болохгүй гэж байхад битүү барилга болсон. Одоо үүнийг яаж болиулах вэ. Энэ газрын асуудлыг улс төрөөс нэн даруй салгах хэрэгтэй байна. Энэ асуудал улс төрд фракциудын аль хүчтэйг нь үздэг зүйл боллоо. Тиймээс энэ хуулийг буцаамаар байна.
Х.Баттулга: УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэхэд ард түмнээс санал авах хэрэгтэй гэсэн. Үүний дагуу бид орон нутгаас 1500 орчим иргэдээс санал авч, тусгай утас ажиллуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тараасан гэдгээ танилцуулгатаа дурьдсан. УИХ, Засгийн газрын гишүүдийн тал нь шахам Зайсангийн аманд амьдарч байна. Уг нь бусад улсад бол барилгыг нь нураачихаж болдог юм билээ. Манайд одоо нураах нь ч хаашаа юм.
Э.Бат-Үүл: Иргэн , аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт ямар ч хамгаалалт алга.
Ж.Энхбаяр: Сая салбарын сайд их сонин юм хэллээ. УИХ, Засгийн газрын гишүүдийн ихэнх нь Зайсанд амьдардаг болохоор байшинг нурааж болохгүй гэв.
Х.Баттулга: Тэгж хэлээгүй шүү дээ.
Ж.Энхбаяр: Монголд хууль байгаа ч дарга, сайд нар нь тэнд байгаа болохоор асуудлыг шийдэж болохгүй байна гэж ойлгогдохоор байсан. Иргэн аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар өнөөдөр 100 хүрэхгүй аж ахуйн нэгжийн мэдэлд байна. Атрын аяны хүрээнд тариаланчдад байх ёстой нөгөө газар маань хэдхэн хүний мэдэлд очсон. Тийм биз, Э.Бат-Үүл гишүүн. Хот, суурин газрыг нь эдийн засгийн бүлэглэлүүд аваад дууслаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний хамгийн их орхигдуулсан салбар бол газрын харилцаа. Энэ салбарт өнөөдрийг хүртэл бодлого алга. Хотын ерөнхий төлөвлөгөө гаргаад үүний дагуу барилга баридаг байж яагаад болохгүй байгаа юм бэ. Өнөөдөр нэг газар аваад барилга барьсан ч бусдын үйл ажиллагаанд шахагдсаар үнэ цэнээ алдаж байна. Улс орны бодлого ингэж цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг хууль гаргахаа больё. Далд эдийн засгийг ил болгоё. Одоо зөв амьдармаар байна. Орон сууцан дотор нь ШТС байж л байдаг. Үүнээсээ болж бүгдээрээ хохирч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ