Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, моргейжийн зээлийн талаар асуулга тавив

img

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Ерөнхий сайдад хандан гэр хороололыг дэд бүтэцжүүлэх, орон сууцны моргейжийн зээлийг нэвтрүүлэхтэй холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар асуулга тавив. Уг асуулгад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.2-д дахь заалтыг үндэслэн танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд: Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хүн ам 3-4 дахин өсч төвлөрөл огцом нэмэгдсэнээр нийгэмд тулгамдсан олон асуудал ар араасаа цуван гарч байна. Тухайлбал утаа буюу агаарын бохирдол, түгжрэл, байгаль орчны бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил зэрэг олон асуудал байна. Нийслэлийн хүн амын төвлөрлөөс үүдэн гарч буй тулгамдсан асуудлын нэмэгдэлт болон түүний нийгэм дэх сөрөг нөлөө ихэсч буй хурдац нь хот төлөвлөлтийн явцаас олон жилээр түрүүлсээр байна. Түүнчлэн  энэ асуудлууд нь нийт Монгол Улсын нийгэмд хамгийн хурцадсан асуудал болсон. Энэ байдал шинэ зуунд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төлөвлөлтгүйгээр хот байгуулж ирсэн хотын эрх баригчдын  хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хот төлөвлөлтийн асуудал нь оршин суугчдыг эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Монгол Улсын Үндсэн хуулинд ч ингэж заасан байгаа.  Хот төлөвлөлтийн асуудалд газрын хэвлий, газар доорхи инженерийн байгууламжаас эхлэн агаарын орон зайг  ашиглах хүртлэх үйл ажиллагааг хамарсан цогц асуудал юм. Хот төлөвлөлтийн цогц асуудлыг ургаа модоор дүрсэлбэл агаарын бохирдлыг ихэд гэмтсэн хамгийн том мөчиртэй зүйрлэж болно. Нийслэлийн утаа буюу агаарын бохирдлын 80 орчим хувь нь гэр хорооллоос хамаардаг гэсэн судалгаа байна. Нийслэлийн агаарын бохирдол нь сүүлийн жилүүдэд гамшгийн байдалд хүрч, үндэсний аюулгүй байдалд харшлах болсон. 2011 онд 1 дүгээр амаржих газарт төрсөн хүүхдүүдээс 300 орчим хүүхэд эндсэн ба үүний 50 орчим хувь нь уушигны эмгэгтэй гэсэн оноштой  байна. Мөн эхийн хэвлий дэх ургийн эндэгдэл эрс нэмэгдэж байна. Манай улсын 40-өөс дээш насныхны 4.7 хувь нь хоолойны багтраатай гэсэн мэдээлэл байна. Энэ бүхэн бол манай Гүйцэтгэх засаглалын утаатай хэрхэн тэмцэж байгаа ажлын үр дүн юм. Түүнчлэн утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотуудын иргэд 10-15 жилийн дараа бүгд уушигны өвчтэй болж байсан мэдээлэл гарч  байна. Тэгвэл нийслэлд жилд дунджаар 20 мянган хүүхэд төрдөг гэж тооцвол сүүлийн 4-5 жилийн хугацаанд 80 мянга орчим уушигны өвчтэй иргэд нэмэгдсэн байхаар байна. Энэ бол  үндэсний хэмжээний гарз хохирол юм.  Энэ ноцтой гамшгийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас анхааруулж байна. Гэр хорооллын утааг янз бүрийн зуухаар бага хэмжээгээр бууруулж болох боловч энэ нь найдвартай, тууштай арга хэмжээ биш байна. Түүгээр зогсохгүй нийслэлийн гэр хорооллын 200 орчим мянган өрхүүдийн бараг тал хувиас илүү нь барьцаалах үл хөдлөх хөрөнгөгүйгээс орлого багатай ядуу зүдүүхэн амьдарч байна. Эндээс нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол гарц нь нийслэлийг төлөвлөлттэйгээр хөгжүүлэх, улмаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, цалингийн тогтмол орлоготой гэр хорооллын оршин суугчад маш хямд үүсвэртэй орон сууцны моргейжийн зээлийг олгох явдал гэдэг нь тодорхой байна. Ийм туршлага олон улсад хамгийн түгээмэл юм. Иймээс 2008-2012 оны хооронд Улсын Их Хурлаас доорхи шийдвэрүүд гарсан байна. Үүнд: 1. Хот байгуулалтын тухай хууль 2008 онд батлагдаж, Засгийн газраас өргөн мэдүүлснээр хуулийн  5.1.3. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах” болон 5.1.5 “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг   батлах”-г УИХ батлах болсон байна. Мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжаар нийслэл хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийгдэж, 2011 онд тайланг манай тал хүлээн авсан байна. Түүнчлэн 2012 онд УИХ-ын ЭЗБХ-ны 01 тоот тогтоолоор “Нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг болон Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг” Засгийн газарт даалгасан. 2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 2009 онд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 2010 онд тус тус батлагдаж, орон сууцгүй иргэдэд орон сууцанд орсныхоо дараа урт хугацаанд төлбөрөө төлөх моргейжийн зээлийг олгох боломжтой болсон. 3. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, энэ хөтөлбөрийн Дэд бүтэц, хот байгуулалтын бодлогын 2.4.4.-д “Хот, суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.”, 2.4.7-д “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана.”, 2.4.33-д “Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно” гэж тус тус заасан. 4. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг  2010 онд баталж, хөтөлбөрийн хүрээнд энэ асуудалтай холбогдсон дараахь арга, хэмжээнүүд орсон. Тодруулбал 4.4.1.4 Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх; 4.4.3.1.“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд Улаанбаатар хотын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 35 байршилд 80 мянгаас доошгүй айлын орон сууцны цогцолбор хороолол, 4.4.3.3.гэр хороололыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын үүсвэрийг зориулах, түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх; 4.1.8.1.орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хотын төвлөрөл, эмх замбараагүй тэлэлтийг бууруулах зорилгоор Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймаг, сумдыг цогцоор хөгжүүлэх; 4.1.8.2.Улаанбаатар хотод сууршихаар ирж байгаа иргэдийн суурьшлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх; 7.1.10 Улаанбаатар хотод 2012 онд 112 км авто замыг шинээр, 150 км авто замыг шинэчлэн, 3 байршилд гүүрэн гарц, 2016 онд 100 км авто замыг шинээр, 200 км авто замыг шинэчлэн, дөрвөн байршилд гүүрэн гарц тус тус ашиглалтад орж авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах; 5. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 сард баталж, энэ банкнаас санхүүжүүлэх хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ жагсаалтад “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2008 оны УИХ-ын 47 дугаар тогтоолоор батлагдсан “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад  орсон төсөл, хөтөлбөр орсон. 6.  2012 оны төсвийн тухай хуулийг дагаж гарсан УИХ-ын 57-р тогтоолд “Монгол Улсад түүхий эд нь байдаг барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, төмөр хийц зэрэг материалаар өөрийн орны өнөө ба ирээдүйн хэрэгцээг хангах, цаашид экспортлох зорилгоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, Замын-Үүдийн болон бусад гол боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулж 2012 оны эхний хагас жилд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан. 7. Таны зүгээс 2011 оны 4 дүгээр улиралд орлого багатай иргэдийг орон сууцтай болоход зориулж жилийн 6 хувийн хүүтэй, 30 хүртэлх жилийн хугацаанд төлөх хөнгөлөлттэй зээлийг олгох болсон талаар олон нийтэд мэдээлж байсан. Иймд Монгол Улсын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нийслэл хотыг төлөвлөлтэйгээр хөгжүүлэх, улмаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, маш хямд үүсвэртэй моргейжийн зээлийг гэр хорооллын иргэдэд олгох зэрэгтэй холбогдуулж УИХ-аас гаргасан дээр дурдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгаа, цаашид ямар бодит үр дүн гаргахаар ажиллаж байгаа талаарх  асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.3, 33.4-д заасны дагуу ирүүлэхийг Танаас хүсье” гэжээ. Б.Саруул  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
сонгууль болохоор л гэр хороололд хайртай хүмүүс бөөн бөөнөөрөө гарч ирэх юм даа. бүгд л гэр хороололд өссөн хүмүүс болж хувирна даа
2012-02-18
zzottin:
Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно…” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийг бид мартах учиргүй мартсан нэгэнд нь сануулах хэрэгтэй.
2012-02-17
zotin:
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 10 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна. Өнөөдөр сонин болон бусад мэдээллийн хэрэгслүүд ийм маягаар яриад байвал та нар эгэл ядуусын нүдэнд яг л чөтгөр шулмасын гар хөл шиг л харагдах болно. Ус дамжуулах хоолой байхгүйн эрхэнд өдөр бүр гүний ус зөөж, хашаандаа жорлон ухасныг нь гүний ус багасгаж, хөрс ус бохирдууллаа гэх. Байрныхантай адил халаалт дулаан байхгүйн эрхэнд нүүрс түлэхээр нь агаар бохирдууллаа гэх. Орон сууцанд бол хогийг нь цуглуулахаар ойр ойрхон ирэх мөртлөө гэр хороололд болохоор улиралд бараг ганц удаа ч ирдэггүй хэрнээ хог ихтэй бохир заваан гэх. Бохир заваан, болж бүтэхгүй бүхэн бүгд гэр хорооллын хариуцах зүйл биш. Улаанбаатар хотын захиргаа болон төрд хариуцлагыг үүрүүлэхгүй болохоор ийм асуудал үүсч гэр хорооллын бид асуудлын золиос хохирогчид болоод байна. Улаанбаатарын хүн амын бараг тал хувь халуун хүйтэн ус, халаалт дулаан зэрэг бүгд байгаа тул хүссэн үедээ усанд орж хүссэн үедээ халуун хүйтэн ус хэрэглэж, өвөл ч гэсэн даарахын зовлонгүй ая тухтай амьдарч байгаа. Энэ тоонд ороогүй улаанбаатарын хүн амын үлдсэн тал хувь нь гэр хорооллынхон болж байна. Ус дамжуулах хоолой байхгүй болохоор худгаас ус зөөж, халаалт дулаан /цахилгаан, хий, газрын тос, халуун ус зэргийг ашиглан халаахыг орчин үед халаалт дулаан гэж хэлдэг/ байхгүй болохоор нүүрс түлж, бохирын шугам байхгүй болохоор хашаандаа жорлон ухаж, халуун ус байхгүй болохоор гэртээ усанд орж ч чадахгүй амьдралаар 600000 хүн амьдарч байхад юм бүхэнтэй тухлаг амьдрах бас 600000 хүн адилхан улаанбаатар хотод амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулийн14-р зүйлийн2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. хэмээн заасан байх юм. Гэтэл дээр өгүүлсний дагуу гэр хороолол, орон сууцныхны амьдралын ялгааг үзвэл монгол улсын үндсэн хуулинд нийцэхгүй хэрэг болоод байна. Та бүхэн засгийн газрын өмнө байх Хубилай хааны хөшөөг харсан байх. Хубилай хааны хөшөөг хууль уншиж байгаагаар сүндэрлүүлсэн байдаг. Монголчууд эрт үеэс л хууль дүрмийг чанд сахин амьдарсаар ирсэн түүхтэй. Төр засаг Улаанбаатарын хүн амын талыг халуун хүйтэн ус, халаалт дулаанаар хангах мөртлөө нөгөө хэсэг хүмүүсийг нь юу ч үгүй амьдруулан алив муу бүхэнд буруутган гадуурхаж хууль зөрчихөө болих хэрэгтэй. Түүнчлэн монгол хүний итгэл үнэмшлийн асуудал ч байна. Бусдын зовлонг ойлгохыг ч хүсэхгүй тавлагхан амьдарч буй 600000 монголчууд өөрсдөө ч мэдэлгүй хятад болчихоод байна. Ардын хувьсгалаас өмнөх Улаанбаатарын газар нутгийн нилээд хэсэгт хятадууд амьдарч байсан бөгөөд тухайн үед хятадууд мөн баян чинээлэг амьдарч байв. Тэгээд тэдгээр хятадууд монголчуудыг бохир заваан, ядуу дорой хэмээн басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байсан. Одоогийн орон сууцны хороололд тухлагхан амьдарагсад, гэр хорооллынхныг бүхний муугаар цоллогсод дээр үеийн хятадуудтай нилээд төстэй болчихоод байна. Хувьсгалаас хойш ч монголын газар шороон дээр монгол хүнийг иймэрхүү маягаар ялгаварлан гадуурхалт оршин тогтносоор, хятадуудыг хөөн зайлуулсан ч хятадууд шиг хандлагатай хүмүүс бий болчихоод байгаа болохоор их жанжин Сүхбаатар, ардын хувьсгалын зоригт баатрууд юуны төлөө алтан амиа золисон болж байна. Бид яасан ч их жанжин Сүхбаатарын хэлсэн утга яруу гүнзгий агуулга бүхий үгийг мартах учиргүй. Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
2012-02-17
zoootin:
Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох
2012-02-17