
Монголчууд сүүлийн жилүүдэд “жендэр” хэмээх нэр томъёог их хэрэглэж, энэ үгийн цаана эмэгтэйчүүдийн тухай яриа өрнөдөг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн гэмээр. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай, гэмт хэргийн хохирогч болсон тухай, өрх толгойлсон эх, төрд ажиллах түшээдийн тоонд багтах эмэгтэйчүүдийн квотын талаар ярихад “жендэр” гэдэг үг хамгийн ихээр хэрэглэгддэг нь үнэн. “Жендэр” гэдэг үг нь хүйсийн тэгш харьцаа гэсэн утгыг агуулдаг бөгөөд амьдралын эхлэл болсон эрэгтэй эмэгтэй хоёр хүнд хоёуланд нь хамаатай нэр томъёо юм.
Эрэгтэй эмэгтэй гэлтгүй энэ амьдралдаа өөрийнхөө зөв гэсэн замыг сонгож, хийж бүтээж үр хүүхдээ өсгөж, хань ижлээ тэтгэсээр насан буурал болсон хойноо энэ хорвоог орхин явах нь “амьдрал”. Гэтэл өнөөдөр өвөө “ховор” болчихож. Байрны гаднах саравчинд шатар тоглон суугаа буурал өвгөд харагдахаа больж, эмээ нар л зөндөө болжээ.
Нэгэн яруу найрагчийн “Үг хэлдэг өвгөдийн тоо өдөр өдрөөр цөөрч ...” гэсэн санаашрал чихнээ сонсогдож, амьдралын ухааныг үр ачдаа өвлүүлж ирсэн өвгөн буурлууд минь цөөрсөн гэдгийг илтгэнэ.
Өвгөд яагаад цөөрөв. Тэд хаачив? Монголчууд эртнээс эр хүнийг гал голомтын тэргүүн, айлын сүр сүлд гэж хүндэлсээр, холыг харсан бодолтой, уужим сэтгэлд нь итгэж, цай хоолныхоо дээжийг барьж, хүндэтгэл үзүүлсээр иржээ. Харин эрчүүд маань амьдралаа сайн сайхан авч явах үүргээ сайн биелүүлэхийн тулд өвдөж зовсон ч “Би яах вэ, эр хүн” гэсэн уужим бодолдоо хөтлөгдсөөр явдаг. Уйлмаар байсан ч “эр хүн нулимсаа үзүүлдэггүй юм” гэж тэднийг хатуу чанга байлгасаар энэ хорвоогоос арай эрт явахад хүргэдэг юм болов уу.
Хүүхэд байхаас нь л чулуунд бүдрээд унавал "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм", "Эр хүн уйлах муухай, одоо бос" гэж аргаддаг сэтгэхүйтэй, “Эр хүн байж, тиймхэн юманд сэтгэлээр унаад байхдаа яахав дээ, эр хүн байж... гэхчлэн үгээр бөмбөгдөж өсгөсөн. Эрдэм мэдлэг эзэмшүүлэхдээ ч тэр “Эр хүн яах вэ? Биеийн хүчний ажил хийгээд амьдралаа аваад явчихаж болно” гээд боловсролын асуудлыг нь орхигдуулсан бол энэ л “эр хүн байж” гэсэн үгэнд "багтах" гэж явсаар хэрээсээ хэтэрсэн тэвчээр, хатуу чанга шаардлагын дор эрийн цээнд хүрцгээсэн бизээ.
Орчин цагт эр хүнийг хүндлэн дээдлэх биш харин ч элдвээр хэлж, монгол эрчүүд арчаагүй, архичин ухамсаргүй, бүдүүлэг хэмээн нийгэмд илүүдэл эрчүүдийн дүр төрхийг бий болгожээ. Тиймдээ ч ажил хийх гэхээр боловсрол нимгэн, өөртөө итгэлгүй залуус олон болсон. Тэд юу хийх вэ? Сайн сайхан ажил хийх хүсэл сонирхол их байвч мэдлэг боловсрол нь хүрэхгүй, ямар ч хамаагүй ажил хийе гэхээр өнөөх “Эр хүн байж” гэсэн бардам зан нь хөдөлдөг биз. Ажил төрлөө амжуулаад, сайн сайхан амьдарч байгаа олон сайхан эрчүүд бий. Тэднийгээ үгүйсгээгүй. Гагцхүү “Эр хүн байж” гэсэн үг сайхан монгол эрчүүдийг маань эвдээд байх шиг.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр гэмт хэргийн хохирогч болсон нийт хүний 40.7 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тооцоог албан ёсоор гаргажээ. Гэтэл үлдсэн 59.3 хувь эрэгтэйчүүд, гэмт хэрэг үйлдсэн болон сэжиглэгдэж байгаа нь мөн эрэгтэйчүүд давамгайлсан гэх баримт байна. Эрчүүд маань архины хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэрэгт хамгийн ихээр холбогдож, бусдыг хохироож, өөрөө хохирч, тэр ч бүү хэл амь насаа цаг бусаар алдаж байгаа. Идээний дээж архи хэмээн нэгнээ дайлахад ч тэр өнөөх “Эр хүн байж” гэсэн өнөөх үг сэтгэлийг хөөргөснөөс бүх юм эхэлдэг. Энэ бүх асуудлаас үүдэн эрчүүдийн маань нийгэмд эзлэх байр суурь ганхаж, эмэгтэйчүүд “жендэр” ярисаар хүч түрэн орж иржээ.
Жендэртэй холбоотой өөр нэг орхигддог сэдэв нь өрх толгойлсон эцэг. Зөвхөн 2010 оны байдлаар Монгол улсад бүртгэгдсэн гэр бүлийн дөрөв орчим хувийг өрх толгойлсон аавууд авч явж байгаа судалгаа гарчээ. Амьдралын эрхээр ханиа алдсан нэгэн байхад ханилсан гэргий нь өөр эр сонгоод одоход хүүхдүүдээ ганцаараа өсгөх үүрэг авч үлдсэн аавууд өрх толгойлсон эцэг болдог. Нийт өрхийн 34 хувийг ээжүүд толгойлж байгаа бол үүнээс 10 дахин бага хувийг аавууд толгойлж байгаа аж. Харьцуулсан тоо нь бага байж болох ч улс орны тулгуур болсон эрчүүд ханиасаа өнчирч хүүхдүүдээ тэврэн үлдэх үзэгдэл нэмэгдсэн гэнэ. Хээгүй гүдэсхэн нэрийн доор одон зүүх, халамж хүртэхэд ээжүүд эхэнд явахаас аавуудыг хайхарч байсан удаагүй ч гэрээ гийгүүлэх гэргий, үрээ бүүвэйлэх ээж хүний үүргийг давхар үүрч яваа аавууд нийгмийн асуудлын гадна орхигдож байгаа нь үнэн.
Олон олон эрчүүд эрдэм номын мөр хөөж, ажил хийж, бизнес эрхэлж гэр бүлээ авч явааг үгүйсгэх гээгүй юм. Харин тэднийг сүүдэр мэт дагадаг "Эр хүн байж суудал тавьж өгсөнгүй, эр хүн байж амьдралдаа арчаатай явсангүй" гэсэн тулган шаардалт өөрчлөгдөхгүй байна. Эмэгтэйчүүд бидний бэрхшээл болгон тоочдог бүхнийг зөвхөн эрчүүд үүрэх ёстой юу? Аливаад даль жигүүр нь, сумны ир нь болж, хамгийн эхэнд явдагаараа эрчүүд нийгэмд эрсдэл хүлээсэн хүмүүс. Тэр ч утгаараа өвдөж зовсон ч “Зүгээр ээ, би эрх хүн” хэмээн гүрийж, зориг нь мохож, сэтгэлээр унасан ч тэд бууж өгөлгүй явсаар цагаасаа эрт бурханы оронд оддог бололтой.
Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-тээ
...Эр хүнийг та нар хааяа ч болов хайрлаач
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
...Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла... гэж бичжээ.
Үнэхээр найрагчийн өгүүлсэн энэ л шүлгийг эмэгтэйчүүд минь, эхнэрүүд минь санаж яваасай.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ