
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барилаа.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр сайдын зөвлөлийн хурлын үеэр сонгуулийн дараа үймээн дэгдвэл тараах зорилготой тусгай рот байгуулах, зэвсэглэх талаар ярьсан нь нийтэд ил тод болсон билээ. Үүнийгээ сайд “Долдугаар сарын нэгнийх шиг үймээн дэгдсэн тохиолдолд батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” гэж тайлбарлажээ.
Төсөл өргөн баригчид Батлан хамгаалахын сайд иргэдэд айдас хүйдэс төрүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх нөхцөлийг үүсгэсэн тул хуулийн дагуу огцруулах тогтоолын төслийг өргөн барьж байгаа аж.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү тогтоолын төслийг хүлээн авах үеэрээ “Хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэв.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ