
“Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, ОХУ-ын Шилжилт хөдөлгөөний Холбооны албаны дарга К.О.Ромодановский нар өчигдөр Москва хотноо гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг Монгол Улс болон ОХУ-ын хоорондын сайн хөршийн харилцааны зарчмыг удирдлага болгон, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэн, нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.
Хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор, түр хугацаагаар хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан тухайн улсын хууль тогтоомжоор гадаадын иргэдэд олгосон эрх, эрх чөлөөгөөр хангагдах, түүнчлэн цалин хөлс, хөдөлмөрийн бусад нөхцөл нь ижил төрлийн ажил эрхэлж буй хүлээн авагч улсын иргэдэд олгож буй түвшнээс доогуур байж болохгүйг гэрээнд онцлон тусгасан байна.
Талууд Засгийн газар хоорондын энэхүү гэрээ хөдөлмөр эрхлэлтийн салбарт харилцан хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож буйг санал нэгтэй дурдаад цаашид улам бүр төгөлдөршүүлэх, түүнчлэн иргэдийн харилцан зорчих зохицуулалтыг хялбаршуулах чиглэлээр тасралтгүй ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ