Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар Ховд аймагт ажиллаж байна
Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 2012 оны 2-р сарын 17-20-ны өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн Р.Амаржаргал нарын хамт Ховд аймагт ажиллаж байна.
Ховд аймагт очсон эхний өдрөө Эрүүл мэндийн сайд тус аймгийн Мянгад сумын сайн малчин Ч.Гансүхийн хотонд очсон байна. Сайд мал сүргээ тоо толгой бүрэн, тарган тавтай өвөлжүүлж байгаа Ч.Гансүхэд “Алтан төлийн эзэн” шагналыг нь гардуулаад аж байдал, мал сүргийн өвөлжилтийн талаар гэрийн эзэд, малчидтай хөөрөлдөв. Эрүүл мэндийн сайд болон бусад хүмүүс Мянгад сумын иргэдтэй мөн уулзалт хийсэн байна.
Ажлын дараагийн өдөр буюу 2-р сарын 18 нд Засгийн газар болон их хурлын төлөөлөгчид Буянт суманд ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Буянт сумын тэргүүний тариаланч А. Өлдөрханд “Улсын тэргүүний тариаланч” шангалыг нь гардуулж өгөв. Төлөөлөгчид нийт нутгийн өвөлжилтийн байдал, иргэдийн эрүүл мэндийн байдлын талаар газар дээр нь мэдээлэл авч, тулгамдсан асуудлуудыг судлан холбогдох албаны хүмүүст тодорхой чиглэл, зарим үүрэг даалгавруудыг өгч ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлэг дээр ажиллах үеэрээ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний жил”-тэй холбогдуулан эмч мэргэжилтнүүдэд 2012 онд салбарын үйл ажиллагаанд баримталж ажиллах бодлого, чиглэл, төлөвлөсөн ажлуудын талаар тайлбарлан ярив. Төлөөлөгчид Ховд аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ