Жереми Лин тэргүүтэй Никсийнхэн отгон аварга Даллас Маверикийг хожлоо
Улаанбаатарын цагаар өнөө өглөө NBA-гийн ээлжит тоглолтууд явагдаж эхнээсээ өндөрлөөд байна. Ойрын үед сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа Нью-Йорк Никс баг өнгөрсөн жилийн аваргуудтай тоглолоо. Нью-Йорк хотын супер баатар болоод буй шинэхэн од Жереми Лин энэ тоглолтод 28 оноо авч багаа тэргүүлээ. Даллас Мавериксаас багийн лидер Дирк Новицки багаа тэргүүлж 34 оноо авсан хэдий ч тоглолтын цаг дуусахад 104:97 буюу долоон онооны зөрүүгээр Никсийнхэн ялалтаа авлаа.
Энэ тоглолтод Жереми Лин 14 оновчтой дамжуулалт хийснээр багаа ялалтад хүргэсэн гэж хэлж болно. Мөн Тайсон Чандлер 14 оноо, 10 самбараас авалт, Филдс 13 оноо, Стаудемайр 11 оноо, Смит 15, Новак 14 гээд гараанд гарсан ихэнх тоглогчид жигдхэн сайн байсан гэж хэлж болно.
Харин Далласаас Новицкид Марион 14, Терри 13 оноо авч нэмэр болсныг эс тооцвол тэд тун даржин тоглолт үзүүлсэн юм. Лэйкерсээс ирсэн Ламар Одом энэ тоглолтод ердөө хоёрхон оноо авчээ.
Нью-Йорк Никсийн дараалсан цуврал ялалтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Нью Орлеанс Хорнетс багийн эсрэг тоглолтод ялагдал хүлээснээр тасраад байсан юм.
Гэсэн хэдий ч Нью-Йорк Никс Жереми Линий гараанд гарсан өдрөөс эхлэн тун амжилттай урагшилсаар байна.
Нью-Йорк Никсчүүд одоогийн байдлаар 16 хожил, 16 хожигдолтой 50 хувийн амжилттайгаар бүстээ наймдугаар байрт жагссаар байна.
Тэгвэл отгон аваргууд бүстээ 20 хожил, 12 хожигдолтой дөрөвт бичигдэж байна.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ