Ослоор 2780 хүн гэмтжээ

img

Тээврийн Прокурорын газраас Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар зам тээврийн осол, хэрэгт хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа болон осол, хэргийг шалгаж тогтоосон байдал, хүний биед үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд материалын хохирлын үнэлгээ, техникийн шинжээчийн дүгнэлтийг давтан гаргаж байгаа үндэслэл, зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл түүнчлэн зам тээврийн осол буурахгүй байгаа байдалд дүгнэлт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын зам тээврийн осол, хэргийг шалгасан материал, эрүүгийн хэргүүдийг удирдамжийн дагуу хянаж судлажээ.

Шалгалт, судалгаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул, Чингэлтэй дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч нараас зам тээврийн ослыг шалгаж захиргааны арга хэмжээ авсан материал, тус Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, түүнчлэн эрүүгийн хэргүүд хамрагдсан байна.

Зам тээврийн ослыг захиргааны журмаар болон гэмт хэргийн тухай гомдол мэдээллээр шалгасан материалаас үзвэл, осол их гарсан цаг хугацаа нь 12-18 цагийн хооронд байх бөгөөд энэ үед осол зөрчил гарсан нь нийт ослын 44,3 хувийг, 18-24 цагийн хооронд 3230 осол зөрчил гарсан нь нийт ослын 44,7 хувийг эзэлж байна.

Зам тээврийн ослыг шалгаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас үзэхэд ослын улмаас нийт 2780 хүн гэмтсэн байх ба үуний 782 буюу 28.1 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь энэ төрлийн осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Зам, тээврийн осол гарч байгаа гол шалгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал болон зам, орчны нөхцөл байдалтай холбоотой бөгөөд жолоочийн буруутай ажиллагаанаас, үүний дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, аюул тулгарах үед зогсоох арга хэмжээ аваагүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, эргэх үйлдэл буруу хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс, явган зорчигчийн буруугаас бол явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдагтай холбоотой байна.

Судалж үзэхэд 203 нийтийн тээврийн хэрэгсэл осол зөрчил гарсан байгаад дүгнэлт хийж, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй газруудад гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагч, болон прокурорын мэдэгдэл, шаардлага бичих, яриа таниулга хийх, нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид явуулах эсэх талаар холбогдох зөвшөөрөл олгодог байгууллагад нь хандах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ