
БНСУ-ын иргэний гарт 28 настай монгол залуу амь үрэгдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр хохирогчийн ар гэрийнхэн тус улсыг зорьжээ. Хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас албан ёсны мэдээлэл авлаа.
-Монгол залуугийн амь насанд халдсан эрэгтэйг БНСУ-ын цагдаагийн газраас саатуулсан уу?
-БНСУ-д ажиллаж амьдарч байсан 28 настай монгол эрэгтэй бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 16-ны орой гарлаа. Талийгаачийн ар гэрийнхэн нь хөдөөнөөс ирээд өнөөдөр өмнөд солонгос руу явлаа. Монгол залууг хөнөөсөн хэрэгт тус улсын хоёр ч хүнийг саатуулсан. Анхан шатны шүүх хурал нь болж нэг хүн нь хэрэг гарсан дэлгүүрийн камерийн бичлэгт бичигдсэн хүн мөн болох нь тогтоогдсон учраас баривчлах захирамж гаргасан байна лээ. Бас нэг хүнийг гэм буруутай эсэхийг тогтоохоор тус улсын хууль сахиулах албанынхан ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.
-БНСУ-д суугаа манай Элчин сайдын яамнаас хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж байна уу. Ирж очих зардал мөнгөний асуудал гарах л байх даа?
-Монгол иргэн хохирогч болсон хэрэгт БНСУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал нь тус улсад суугаа манай ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлсэн. Манай талаас энэхүү хүн амины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг БНСУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн.
-
Бүлэглэж монгол залууг хөнөөсөн гэсэн үндэслэлээр гурван ч хүн хоригдоод байгаа юм биш үү?
-Шүүх хурал нь болж ямар ч байсан хоёр хүнийг саатуулах захирамж гарсан гэнэ лээ. Бас нэг хүнийг холбоотой эсэхийг шалгаж байгаа .
-Хохирогчийн ар гэрийнхэнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгөх талаар шүүх байгууллагад уламжилсан уу?
-Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад шууд мөнгө нэхэж болохгүй биз дээ.
-Өмнө нь гадаадын улс оронд монгол иргэнтэй холбоотой шүүх хурал болж орчуулагчийн буруугаас манай иргэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болж байсан тохиолдол ч бий. Нэг ёсондоо манай талаас анхаарал суларсантай холбож шүүмжилж болох юм. Энэ удаад манай талаас өмнөд солонгост болох монгол иргэний шүүх хуралд өмгөөлөгч, орчуулагчаар хангаж өгөв үү?
-Манай Элчин сайдын яамнаас энэ хэрэгт анхаарал тавьж ажиллаж байна. Дээр хэлсэн шүү дээ. Ар гэрийнхний хувьд өнөөдөр БНСУ-д очиход нь Элчин сайдын яамны ажилтнууд хүлээн авч туслалцаа үзүүлнэ.
-ГХЯ-д гадаадад амьдарч буй иргэдэд туслах сан гэж бий. Тэр сангаас хохирогчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх боломж бий юу?
-Хохирогчийн ар гэрийхнээс ирсэн гомдол мэдээлэл, баримт бичигтэй нь танилцаж байж шийднэ. Хурлаар шийддэг. Би дангаараа мөнгө өгчихдөг асуудал байхгүй.
-Ер нь иргэдэд туслах сангийн мөнгө зохих хүмүүстээ хүрч чадаж байна уу. Нарийн тооцоо судалгаа байна уу?
-Судалгаа бий. Та бүхэн иргэдэд туслах сангийн мөнгийг хэрхэн зарцуулсан судалгаатай танилцаж болно.
Дашрамд дурдахад БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чанг ман хорооны “А” гэх дэлгүүрт “Монгол Улсын иргэн 28 настай Б гэдэг залуугийн амь насыг хөнөөсөн хэргээр 31 настай Хаму гэгчийг баривчилсан тухай мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн юм. Хохирогч монгол залуу зодуулсан даруй эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн хэрэгт одоогоор хоёр ч хүнийг сэжиглэж саатуулсан бол дахин нэг хүн холбогдож магадгүй болоод байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ