Говь нутаг "намар"-тай, сайн малчны хот төлийн дуутай...

img

Их говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг сөлтэй, өнөтэй, өнгөтэй байна. Нар наашилж, жаврын үзүүр уярсан налгар хаврын эхний өдрүүдэд Хутагтын өлгий нутгийг зорьсон маань учиртай. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист мал аж ахуй эрхлэн таван төрлөөр нь өсгөн үржүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан малчин алдраа дуурсгаж яваа хөдөлмөрч  иргэдээ   шалгаруулж, Сар шинийн баярын босгон дээр “Улсын сайн малчин”, “Алтан төл”-ийн эзнээр өргөмжилдөг сайхан уламжлалтайг уншигч Та мэдэх биз ээ. Тэгвэл энэ жил Хутагтын өлгий нутгаас “Улсын сайн малчин”, “Алтан төл”-ийн эзэн тус бүр хоёр тодорчээ. Засгийн газрын даалгаврыг биелүүлж, тэдний шагналыг гардуулахаар Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь нар дагалдах хүмүүсийн хамт тал нутгийг зорьсон нь энэ. Өнгөрөгч Баасан гарагийн өглөө эртлэн нийслэлээс гарсан бидний саатсан эхний айл Дорноговь аймгийн Ихэт сумын “Бүрэн” багийн малчин Ц.Содбаярынх. Тэрбээр 17 дугаар жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн босгон дээр “Алтан хурга”-ны эзнээр тодорч, бусаддаа үлгэрлэн, нутаг хошууныхаа нэрийг дуурсгаж сууна. “Наймдугаар анги төгсөөд л илгээлтээр хөдөө гарч малчин болж байлаа, 20 гаруй жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж, буянт сүргийнхээ хишиг буянаар төр засгийн шагнал хүртэж байгаадаа байртай байна” хэмээх тэрбээр 2011 онд 2000 гаруй толгой мал тоолуулжээ. “Суусан хүний мал нэг их хорогдоод байхгүй ч өсдөггүй юм билээ, би ч жилийн дөрвөн улиралд газрын холыг тоолгүй отор нүүдэл хийж, нутаг сайн сэлгэдэг, Хэнтийн Гал шар, Тосонгийн тал, Баастын тал ч хүрч үзлээ, хаана ногоо байна тэнд л очно шүү дээ” гэж тэрбээр нэмж өгүүлсэн. Нээрээ л хэн сайн хөдөлмөрлөнө түүнийхээ хэмжээгээр үр шимийг нь хүртдэг хойно доо. Бид их үдийн алдад орон нутгийн удирдлагуудын хамтаар “Алтан хурга”-ны эзнийхээс хөдөлж “Улсын сайн малчин”-ны болзлыг хангасан Дэлгэрэх сумын 2 дугаар багийн малчин Р.Пүрэвдашийнхыг зорилоо. Нутгийн удирдлага болон нутгийн ахан дүүсийнх нь хөлөглөж ирсэн машин, мотоциклиуд гэрийн хаяагаар “багширч” нэлээд “хөл”-тэй угтлаа. Хэн нэг нь хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төр засгаас шагнал хүртэх нь нутгийн зон олны хувьд ч бахархалтай үйл явдал байдаг болохоор тэр биз ээ. Улсын сайн малчин маань өдгөө нас хэвийж, буурь зааж яваа  хашир туршлагатай малчин. Тэрбээр 40 жил мал маллаж, өнгөрсөн жилийн яг өдийд “Алтан төл”-ийн эзэн болсон бол өнөө жил ийнхүү амжилтаа ахиулан бататгаж, Улсын сайн малчнаар өргөмжлөгдөж буй ажээ. Мал маллах хийгээд малынхаа үүлдэр угсааг сайжруулах арга ухаанаараа залуу малчдад үлгэрлэж, өөрийн туршлагаас харамгүй хуваалцахын зэрэгцээ зарим залуусыг малжуулж яваа түүнээр нутгийн зон олон, залуу малчид нь бахархаж явдгаа онцолж байсан. Өнөө жил тус аймгаас төрсөн хоёр дахь Улсын сайн малчин бол Алтанширээ сумын “Хаяа” багийн малчин Б.Бөхбат гуай юм. Хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалж, төрийн цагдаагийн албанд хошууч цолтой болтлоо хүчин зүтгэж явсан тэрбээр 1990-ээд оны үед өөрийн хүсэлтээр албаа орхин малчин болох гараагаа эхэлжээ. Тухайн үедээ цөөн хэдэн мал маллан, нутгийнхандаа “Нийслэл хүү” хэмээн хочлогдож, хэзээ малчин болно доо гэж хэлүүлж явсан Б.Бөхбат гуай өнөөдөр тэдэнд ямар малчин болохоо харуулж, үлгэр үзүүлэн, тэднээс илүү олон малтай, илүү баян тансаг амьдарч байгааг тус аймгаас сонгогдсон гишүүн Я.Батсуурь шагнал гардуулах үеэр онцлон хэлсэн. Мөн энэ өдөр Бөхбат гуайн хүү Уламбаяр Аймгийн алдарт уяач болж, аавтайгаа нэг өдөр шагналаа гардсан нь тус хотынхны хувьд давхар баярт үйл явдал болсон юм. Ийнхүү гурван малчны хотонд зочилж, шагнал гардуулсан төлөөлөгчид үдшийн 21 цагийн үед Сайншанд хотноо саатаж хоноглоод Бямба гарагийн өглөө эртлэн ”Алтан ишиг”-ний эздээр тодорсон Айраг сумын “Нарт” багийн малчин Э.Бархас-Од, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын lV багийн малчин Д.Эрдэнэ-Очир нарынхыг зорив. Улсын сайн малчид, “Алтан төл”-ийн эзэд маань сар шинийн баярын босгон дээр мал сүргийнхээ буянаар төр засгаас шагнал хүртсэндээ баярлаж бас бахархаж байлаа. Түүнчлэн тус аймгаас өнөө жил Аймгийн сайн малчин 16, Аймгийн алдарт уяач 19 төрсөн нь тал нутгийнхны ажилч, хөдөлмөрч чанарыг илтгэх буй за. Дорнын их говийнхны хувьд 2011 оны хавар жилбэтэй, өвөл өнөтэй сайхан болж, малаа таван төрлөөр нь өсгөн үржүүлж, 1 сая 207 мянган толгой мал тоолуулан түүхэндээ 150 гаруй мянган толгойгоор малаар өсгөсөн үзүүлэлтээр “Баясгалан” хэмээх Усан луу жилийн сар шинийн баярыг угтаж байгаа ажээ. Хаврын урь унаж, эхний төлийн дуу цангинасан энэ өдрүүдэд Дорноговь нутгийнхны сэтгэл тэнүүн, өнгө төгөлдөр байна. Д.Мэндбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayar hurgiye
2012-02-23
HARAA:
Dornogoviin sain malchdad bayar hyrgie
2012-02-23
estoi huduu yabmaar sanagdchihlaa
2012-02-20
mendee chi shuu
2012-02-20