
Оройн 16 цаг. Тэсгэм хүйтэн өвлийн энэ өдөр Нарантуул худалдааны төвийг зорилоо. Баяр дөхөж буй болохоор тэр үү хүний хөл хөдөлгөөн ихтэй байв. Боодол “лент” арвыг зууд, тамхи чихэр бохь аваарай, тор авахуу эгчээ хэмээн захын төв хаалгаар оронгуут л бяцхан хүүхдүүд намайг урдаас тосох аж. Тэднийг харахад бүгд л гадаа хүйтэнд өдөржин явснаас царай нь даарч хөхрөн, бяцхан гар нь бээрсэн харагдах бөгөөд нүдэнд нь гэрэлтэх гал цог “хэдийнэ” алга болжээ. Тийнхүү нэгэн бохь, тамхи,чихэр зарж буй жаалтай хэсэгхэн хугацаанд ярилцахаар тус худалдааны төвийн хүнсний захруу орлоо. Тэрээр “Эгчээ би удаан ярилцах боломжгүй байна аа, хурдан ярилцчихаад ажилаа хийх ёстой” гэсэн учир эндээс холдож чадаагүй юм. Зарж буй тамхи, бохь, чихэрээ хайрцаганд хийн уяагаар уяан хүзүүнээсээ зүүсэн байх бөгөөд шавилхан биедээ баймааргүй хүчтэй харагдана. Түүнийг Б.Баттулга гэдэг бөгөөд Нарантуул худалдааны төвд “наймаа” хийгээд гурван жил болж байгаа аж. “Таны харж байгаа энэ барааг би 30 мянган төгрөгөөр өчигдөр авсан юм” хэмээн хайрцган дахь чихэр, тамхируугаа заагаад, жижигхэн уруулаа цорвойлгон ярьж өгөх нь үнэхээр эгдүүтэй санагдав. Мөн “Эргүүлээд гэхдээ өдөртөө 7000 төгрөгийн л ашиг олдог юм оо, тэгээд л хоол хүнсний зүйлээ аваад 3000 төгрөг цаашаа хийдэг ухаантай” хэмээн санаа алдангуй инээмсэглэх аж.
Түүний эцэг эх нь таван жилийн өмнө хавдараар нас барсан учир өөрийн таван дүүгээ тэжээх үүрэг энэ бяцхан хүү дээр оногдсон байна. Дүү нар нь бүгд сургуульд явдаг гэх бөгөөд, өөрөө гуравдугаар анги хүртлээ суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон аж. Баттулгын яг доод талын дүү нь сургуулиа орхиод ахдаа тусалхаар цуг зах дээр ажиллая гэдэг боловч дүүгээ боловсролгүй, ирээдүйгүй хүн болгохгүй гэсэндээ өөрөө л бүгдийг нуруун дээрээ үүрч явна. Тэрээр 14 настай хэдий ч дэндүү ахадсан үүргийг өөртөө хүлээсэн юм. Түүний насан дээр хичээлдээ яван, аав ээжээсээ шаналган байж мөнгө аваад найзуудтайгаа нийлэн “пс” тоглоом тоглож, хөгжилдөн наадах үе. Гэтэл таван хүний амьдралыг өөр дээрээ аван, сэтгэлдээ нартайгаар гэрэлт ирээдүйг харж явна.
Олсон мөнгөөрөө өдөртөө жаахан мах, талх аваад гэртээ харьдаг гэх бөгөөд “Өдөрөө яахав болгоод л байдаг юм гэхдээ манай бага дүү жаахан болохор одоохондоо учир мэдэхгүй, амттай юм нэхээд хэцүү л байдаг юм” хэмээн өдөржин гадаа даарснаас хөхөрч даарсан гараараа толгойгоо маажихад сэтгэлд минь гуниг төрөн, нүднээс нулимс асгарах болсноо нуух юун. Тэдний энэ зун амгаланд байрлах жижигхэн “амбаар” нь гэнэт шатсан учир орох оронгүй болон Алтан өлгийн эцэст байрлах “Хайр” христийн цуглааны байранд одоогоор амьдарч байгаа аж. Тэнд амьдрахдаа зүгээр амьдрах биш дүү нар нь цэвэрлэгээ хийн, янз бүрийн ажилд нь тусалдаг гэв. Хорооны халамж, үйлчилгээнд хамрагдан сар бүрийн эх орны хишгээ аваад, эргээд дүү нартаа л зарцуулдаг байна. Тэрээр “Хожим нь миний дүү нар л намайг харж хандах учир, одоо бол би хамаагүй ээ өнгөрсөн хэрэг. Эд нар минь л боловсролтой, сайн хүн болж байвал боллоо” хэмээн сая нэг нүдэндээ цогтойгоор инээмсэглэв.
Бяцхан хүүхдүүд өөрт ахадсан ачаа үүрснээр амьдралд суралцан, хэрсүү ухаан суужээ..
2016 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрийг устгаж чадах эсэхэд эргэлзээтэй....

Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хот, аймгийн төв, сум, суурин газруудад албан бус тоогоор 6950 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 4600 орчим нь нийслэлд ажилладаг байна. Түүнчлэн 1200 орчим хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг тухай ч судалгаанд дурджээ. Нэг хүүхэд заримдаа 500 кг ачаа зөөх тохиолдол байдаг бөгөөд энэ нь НХХ-ийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр ачаа зөөлгөх, өргүүлэх хэмжээнээс 4-8 дахин их аж. Зах, хогийн цэг дээр ажиллах, хэт хүнд ачаа өргөх, мах бэлтгэх, уул уурхайн салбар, хурдан морь унах зэрэг нь хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт тооцогддог байна. Хүүхэд үгэнд оромтгой, заримдаа өгсөн хөлсийг нь чимээгүй авчихдаг учраас наймаачид хүнд хүчир ажил хийлгэх дуртай байдгийг үгүйсгэхгүй. Тэд нэг удаа 500 кг ачаа зөөж хөлс, хүчээ зориулсныхаа шанд ердөө 1500 төгрөг авна.
Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн олсон орлогоороо өрхийн төсвийнхөө 20-40 хувийг бүрдүүлдэг болохыг холбогдох газрын хийсэн судалгаанаас харагдаж байв. Үйлчлүүлэгчтэй ам мурийх тохиолдол цөөнгүй гардаг ч ихэнхдээ ачаа зөөснийх нь буруу болж хувирдаг тухай тэрэгчин хүүхдүүд хэлж байсан. Зарим нь хөлсийг нь өгөхгүй дорд үзэх, хэлсэн үнээсээ бага мөнгө төлөх үзэгдэл элбэг байдгийг ч яриандаа дурдаж байв. Хүүхдийн хөдөлмөр ийн үнэгүйддэг байна. Учир нь хуулиар тэднийг хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөггүй тул ажил хийлээ ч тогтсон хөлсгүй. Элдэв төрлийн даатгал байдаггүй гээд тулгарах асуудал олон.
Гэвч тэдний төлөө дуугардаг ганц өдөр нь зургадугаар сарын нэгэн буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрөөр томчууд тэдний өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сөхөж ярихын оронд амттанаар цатгах л ёстой аятай өнгөрүүлдэг. Сурлагаараа тэргүүлэгч, урлагийн авьяастай гэх тодотголтой цөөн хүүхэд Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдтай уулзаж мөрөөдөл яриад л эрхийн өдөр нь өнгөрнө. Монгол хүүхэд эрхийнхээ төлөө тэмцэж дуугарч байсан үе тун ховор.
Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Үүний хүрээнд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх шаардлага тулгараад байна. Гэхдээ нэг л өдөр тэднийг зах дээр гарч тэрэг түрэхээ боль, хүнд ачаа битгий зөө гэж ятгаж боломгүй. Ядуурал хүрээгээ тэлж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байхад таван жилийн дараа хүүхдийн хөдөлмөрийг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ