Соёлын өвийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр нийтийн хүртээл болголоо

img

БСШУЯ-наас соёлын биет өв болох музейн үзмэр, эд өлгийн зүйлс болон соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс, тэдгээрийг өвлөн уламжлаж яваа хүмүүсийг танилцуулсан хэвлэмэл болон цахим гэсэн хоёр төрлийн гурван номыг хийж нийтийн хүртээл болгожээ.   Соёлын өвийн төв болон улс, аймгийн музейнүүд хамтран музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг бүртгэлийн тусгай програм хангамж ашиглан бүртгэлийн системийг төгөлдөржүүлж, улсын сан хөмрөг дэх үзмэр эд өлгийн зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Монголын бурханы шашны урлаг" хэвлэмэл каталог, "Монголын музейн үзмэрүүд" электрон каталог," "Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс" гэсэн номыг тус тус бүтээсэн байна.     "Монголын бурханы шашны урлаг I"  цомогт бурханы шашны дэлгэмэл бүтээл буюу танка зураг, зээгт наамал, оёмол хатгамал зүйлсээс бүрдсэн таван музейн 442 шилдэг бүтээл багтжээ. Харин "Монголын музейн үзмэрүүд" электрон каталогийн онцлог нь тухайн музейн үзмэр, эд өлгийн зүйлс эрсдэлд орсон тохиолдолд хил гааль, цагдаагийн байгууллагыг мэдээллээр шуурхай хангах техникийн нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн гадаад орнуудад хууль бусаар гарсан монголын холбогдолтой соёлын өв, түүхийн соёлын дурсгалын талаарх мэдээллийг цуглуулах өгөгдлийн сан бий болгожээ. Эхний ээлжинд уг цомог, цахим каталогт 1995-2011 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт 593 зүйл, улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шилдэг 4746 үзмэрийн гэрэл зураг, товч тодорхойлолтыг багтаасан байна.  Цаашид улс, аймгийн музейн бүх үзмэрийг хамарсан гэрэл зургийн цомог, цахим каталогийг цуврал  хэлбэрээр шат дараалан үргэлжлүүлэн хийж нийтэд хүргэхээр зорьж байгаа аж.   Монгол үндэсний болон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж, "дэлхийд данстай болсон өв"-үүд, Соёлын биет бус өвийнг хамгаалах ажлын үндсийн үндэс болсон өвлөгч авъяастнуудын тухай мэдээллийг олон нийтэд сурталчлах зорилгоор "Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс" гэсэн номыг бүтээсэн байна. Монгол, англи хэлээр хэвлэгдсэн энэ ном Монгол улс 2005 онд нэгдэж орсон "Биет бус соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-гийн конвенци, 2007 онд нэгдэн орсон "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай" конвенцийг эх орондоо бүтээлчээр хэрэгжүүлэх, монголчуудын болоод дэлхийн олон үндэстэн, угсаатны оюун соёлын гол цөм болсон Соёлын биет бус өвийг хамгаалах үзэл санааг удирдлага болгосноороо онцлог аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ