UNICEF өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад урьдчилан сэргийлэх зорилгоор тусламж үзүүллээ

img

НҮБ –ын Хүүхдийн сангаас  зарим аймаг сумдын  эмнэлгийн байгууллагын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ,  алслагдсан нутгийн эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж автомашин, нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, эм гардуулах арга хэмжээ 2010 оны 12.дугаар сарын 07-ны өдөр, 13.30 цагаас ЭМЯ дээр боллоо.

Уг арга хэмжээний хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Завхан, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт автомашин, нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, эмийг гардуулсан бол Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудын Эхийн амаржих байрыг тохижуулан тавилга, тоног төхөөрөмж олгож, нийт энэ удаад 300 сая орчим төгрөгийн тусламж үзүүллээ. ОБЕГ, цаг уурын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан хүйтний улирлын мэдээллээс үзэхэд 2010-2011 оны өвөл, хавар манай улсын зарим их цас орж, өвөлжилт хүндрэхээр харагдаж байгаа ажээ. Иймээс хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн байдал хүндрэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хугацаа алдах зэргээр гарч болзошгүй хүндрэлүүдтэй тэмцэх ажлыг эртнээс урьдчилан шуурхай зохион байгуулан ажиллахаар ЭМЯ төлөвлөж байна.

2010 оны амьсгалын цочмог халдварын тархалт ид дэгдэж байх үед Монгол орны ихэнх аймаг зудад нэрвэгдсэн нь төвөөс алслагдсан газар оршин сууж байгаа хүн амд эмнэлгийн тусламж хүргэхэд ихээхэн бэрхшээлтэй байсан юм. Тухайлбал Увс, Хөвсгөл, Ховд, Завхан зэрэг аймгийн зарим сум багт цасанд бүрхүүлд хучигдэн тэнд амьдарч байгаа айл өрх холбоо харилцаа тасран эмнэлгийн машин тэрэг очих ямар ч боломжгүй байснаас тусламж оройтох, гэрт үлдсэн хүүхдийн эрүүл мэнд муудаж байгааг эцэг эх нь анхаарахгүй малдаа санаа зовж явсаар хүүхэд хүндрэхэд хүрч байсан юм. Өнгөрсөн онд манай улсад тохиолдсон Н1N1 –ийн халдварын дэгдэлт, зудын дараа жирэмсэний хүндрэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн байна. Тухайлбал, 1000 амьд төрөлтөд ноогдох эндэгдлийн түвшнээр Увс (48.1) Баянхонгор (38,2) Хөвсгөл (37,1) Ховд (36,6) Дундговь (34,4) Баянөлгий (34.3) Архангай (32.5) Завхан (32,2) Өвөрхангай (32,1) Сүхбаатар (29,1) гарсан нь аймгуудын   нялхсын  болон хүүхдийн эндэгдлийн түвшин  улсын дундач үзүүлэлтээс өндөр байв.

Монголын эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл мэндийн салбарыг чадавхижуулахын төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Рана Фловэрс, Люксэнбургийн өргөмжлөлт  консул хатагтай Д.Хулан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Ш.Энхбат, тусламж очиж байгаа аймгуудын Эрүүл мэндийн газрын удирдлагууд, эмч ажилтнууд албаны бусад хүмүүс оролцлоо. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон техникийн хүчин зүйлийн  нөлөөлөл, дэлхий дахинд шинэ болон шинээр сэргэж байгаа халдварууд (шувуу, гахайн томуу, H1N1 –ийн халдвар гэх мэт) нь гамшигт хүргэх өндөр эрсдэлтэй бөгөөд сүүлийн жилүүдэд гамшгийн давтамж, тоо, учрах хохирол, тааламжгүй үр дагавар өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх,  бэлэн байдал, хариу арга хэмжээг хангаж ажиллах, эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, нэрвэгдэгсдэд тусламж үйлчилгээ, хүмүүнлэгийн тусламжийг шуурхай, оновчтой зохион байгуулах  асуудал маш чухал байгаа учир Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, энэ асуудалд анхаарлаа хандуулж, эрхзүйн тодорхой орчин бүрдүүлэн ажиллаж байгаа гэдгийг ЭМ-ийн сайд уг арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ онцлоод энэ үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Өнгөрсөн оны өвөл, хавар манай оронд тохиолдсон зудын гамшгийн үеэр НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ЭМЯ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зудын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зудад нэрвэгдсэн аймаг сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ялангуяа эх хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж эм хэрэгсэл, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл хандивлаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулсан хийгээд зудад нэрвэгдсэн аймаг сумдын хүн амд эрүүл мэндийн болон яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх, алслагдсан сум багийн эмч нар, түргэн тусламжийн жолооч нарыг хөдөлмөр хамгаалалын зориулалтын хувцас, амин, илчлэг сайтай хоол тэжээлээр хангах, сэтгэлзүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах, малын сэг, зэмээс үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг  чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ -аас нийт нэг сая гаруй ам. долларын тусламж үзүүлж Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласан нь маш их тус болсныг сайд цохон тэмдэглэв.

Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах,  эх хүүхдийн тусламж үйлчилгээг алслагдсан баг, суманд байгаа жирэмсэн ба төрсөн эх нярайд цаг алдалгүй, чанартай хүргэхэд өнөөдрийн тусламж хувь нэмрээ өгч, ялангуяа тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал ач холбогдолтой болж байгаа юм. Орон нутгийн эрүүл мэндийн газруудын удирдлагууд энэхүү автомашин, нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, эмийг зориулалтын дагуу ашиглаж, эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний орон нутгийн хариу арга хэмжээг сайжруулах,  салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар онцгой анхааран ажиллана гэдгээ ч арга хэмжээнд оролцож машины түлхүүр болон тусламжийн бусад зүйлсийг гардан авахдаа амлаж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ