“Мөсөн шагайн наадам” болно

img

Билгийн тооллын луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу маргааш нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн гүүрнээс Их тэнгэр орох замд хан Богд уулын ар, хатан Туулын тунгалаг мөсөн дээр  “Мөсөн шагайн наадам” болно. Тус наадмыг “Нүүдэлчдийн өвөл-2012” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын үндэсний мөсөн шагайн холбоо хамтран  гуравдахь жилдээ “Мөсөн шагайн наадам”-ыг зохион байгуулж байгаа аж.   Түүх сөхвөл, Тэмүүжин Жамухтай Ононгийн мөсөн дээр үхрийн шагай мөргөлдүүлэн өнжин наадаж ихэд дотноссон тухай Монголчуудын амьдрал, түүхийн их хөлгөн судар “Нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Мөсөн шагайг Чингис хааны үеэс, түүнээс ч бүр эрт Монголчууд эрийн гурван наадмын зэрэгцээ наадан цэнгэж ирсэн баримт ч бий. Ийнхүү Хэрлэн, Онон, Туул, Орхон, Тамирын голын толигор сайхан мөсөн дээр хүүхэд, залуучууд үхрийн шагай мөргөлдүүлэх, тодорхой зай талбайд бай онох зэргээр наадан цэнгэж “Мөсөн шагай харвах” тоглоом наадгайг үүсгэсэн ажээ.   Эрүүл агаарт голын цэнгэг мөсөн дээр гулган цэнгэж, цэц мэргээ сорин тоглох нь эр хүний нэгэн жаргал гэгддэг. Мөсөн шагайн харвааг хүрээний болон хөдөөгийн малчид ихээр тоглодог байсан ба суудлын ажилтай хүмүүсийн биеийн чилээг гаргах, толгойг сэргээхэд юугаар ч солихгүй спорт аж. Мөсөн шагайн харвааг Тамир, Орхон, Цэцэрлэг, Цэнхэр, Хануй, Хүнүй, Чулуутын гол урсдаг Хангай нутагт бусдаас илүү тоглодог байжээ. Мөн эрдэмтэд 400 жилийн түүхтэй мөсөн шагайн наадгайг дундад зуунд Шотландад үүссэн Көрлинг /Curling/ наадгайгаас эрт үүсэлтэй ч гэж үздэг гэнэ.   Мөсөн шагайн наадамд Үндэсний мөсөн шагайн холбооны мэргэжлийн харваачдаас гадна цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол оронд хүрэлцэн ирсэн жуулчид, Монголд ажиллаж амьдардаг гадаадын иргэд өргөнөөр оролцдог уламжлал тогтсон аж. “Нүүдэлчдийн өвөл 2012” наадмын хүрээнд зохиогдож буй мөсөн шагайн наадам цуваа харваа, холимог харваа гэсэн төрлүүдээр явагдах юм байна. Цуваа харваанд МҮМШХолбооны харваачид оролцон, холбооны дүрмийн дагуу наадаж, эхний таван байр эзэлсэн тамирчдад  өргөмжлөл мөнгөн шагнал гардуулна. Харин холимог харвааны төрөл багийн тоглолтоор явагддаг бөгөөд мэргэжлийн харваач дасгалжуулан 1 жуулчинтайгаар /гадаадын иргэн/ баг болон оролцох аж.   “Мөсөн шагайн наадам” арга хэмжээ нь Улаанбаатар хот, хотын орчимд аялал жуулчлалын бүтээгдхүүнийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын жуулчдад ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулахад чиглэдэг байна. 2011 онд “Мөсөн шагайн наадам”-ын холимог харвааны төрөлд Герман улсын иргэн н.Walther–ийн баг түрүүлж, Австрали улсын иргэн н.James –ын баг үзүүрлэсэн бол АНУ иргэн Jim Rush –ийн  баг шөвгөрч байжээ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хурай хурай:
Миний ахын Мэргэн шагай Дүндгийнийх нь голыг олж Дүүгээ нэг баярлуулаарай. Шүлгэ эээээээээээээээээээээээээээээээ гээл сайхан шүү ха ха
2012-02-24