
“Гэрт нь авсан гэрэл зураг” сар шинийн баярын дугаараа УИХ-ын гишүүн Су.Батболдын гэрээс бэлтгэлээ.
Монгол Улсын манлай уяач Д.Сундуй гуайн хүү өдгөө хотын төвд тохилог сууцанд эхнэр гурван хүүгийнхээ хамт амьдардаг.
Амгалан тайван, зөөлөн, дулаахан уур амьсгалтай С.Батболд гишүүнийд манай сурвалжлах хэсгийг очиход, гэрийн эздээс гадна найзууд нь биднийг угтан авсан юм.

-Су.Батболд архи, хадаг хоёр цуглуулдаг гэв. Одоогоор 300 гаруй 5 мл архи цуглуулаад байгаа ажээ. Түүний архины цуглуулгийн ихэнхийг конъяк эзлэж харагдсан. Цуглуулганы хамгийн үнэтэй нь 600 гаруй ам.долларын конъяк. Гишүүн харин хадагны цуглуулгаа хүнд нэг их үзүүлэхийг хүсдэггүй бололтой. Түүний цуглуулгад далай багшийн өгснөөс эхлээд хуучны шившлэгтэй хадаг олон байдаг гэсэн. Хадаг, архи хоёр айлд буян тогтоодог гэж гэрийн эзэн учирлаж байлаа-

-УИХ-ын гишүүн С.Батболдын дунд хүү Мөнхболд-

-Су.Батболд: Хүн бурхан шүтэх ёстой.

-УИХ-ын гишүүн Су.Батболдын номын санд түүх, шашин, газрын зураг, уран зохиолын номнууд түлхүү харагдаж байлаа-

-Су.Батболд: Хамгийн сүүлд худалдаж авсан ном-

-Су.Батболд: Нандин шүтээнүүдээрээ суварга бүтээлгэсэн. Том, жижгийн хувьд үнийн хувьд ялгаа байдаггүй юм байна лээ-

-УИХ-ын гишүүн Су.Батболдын гэр бүлийн ур ухаан, авахаалж, самбаагаа уралдуулж авсан медалиуд. Су.Батболд гишүүн багадаа хурдан морь унаж их медаль авдаг байсан гэв-

-Хууль зүй дотоод хэргийн яамны сайдаар ажиллаж байхад нь хамт олон нь дээрх сэлэмийг дурсгажээ-
Су.Батболд: Шинийн 3-ныг амралтын өдөр болгон хуульчлах бодолтой байгаа
УИХ-ын гишүүн Су.Батболдын гэрт зочлох үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинийн нэгний өглөөг гишүүн хэрхэн угтдаг вэ?
-Төв аймагт ээж рүүгээ явна. Манай ээж одоо 80 гаруй настай сайхан буурал байдаг юм. Өмнөх жилүүдэд Төрийн ордонд золголт хийдэг байхад тийшээ очдог байсан. Тиймээс дараа нь ах дүү нартайгаа золгоод л явна даа. Шинийн нэгэн бол ийм байдлаар өнгөрдөг юм. Шинийн хоёронд төрийн өндөрлөгүүдтэй золгодог. Шинийн гуравнаас л гэртээ тухтай байх боломжтой болж, найз нөхөдөө гэртээ оруулдаг.
-Танайхыг залуу хүмүүс хэрнээ их олон жил цагаан сар хийж байгаа гэдэг юм байна лээ?
-1990-ээд оны эхээр би гэр бүлтэй болсон. Тэр цагаас хойш л цагаан сар тэмдэглэж ирсэн. Манай үеийнхэн дотор цагаан сарыг ингэж гэртээ идээ, ундаа бэлтгэж тэмдэглэдэг айл цөөхөн. Бид хоёр залуугаасаа ёс заншилынх нь дагуу тэмдэглэж ирсэн учраас энэ өдрүүдэд найз нарынхаа хөлд их дарагддаг. Нэлээд настай хүний хэмжээнд л тэмдэглэдэг. Нас ахиж байгаа болоод ч тэр үү жилээс жилд л цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болж байна. Ямар сайндаа манай хүүгийн ангийн хүүхэд “Танай аав, ээж ийм залуухан байж цагаан сар тэмдэглэдэг юм уу” гэж асуудаг гэсэн.
-Их билэг дэмбэрэлтэй үндэсний маань баяр болохоор хүмүүс их ач холбогдол өгдөг болсон байна?
-Хүмүүс цагаан сарын баярын талаар янз бүрээр л ярьдаг. Зарлага ихтэй энэ тэр гээд л янз бүрийн шүүмжлэл гардаг. Монголын төр ёс, нүүдэлчин ард түмний их сайхан уламжлал, ёс жаяг. Тиймээс энэ баярыг хүн бүр өөрийнхөө хэмжээнд тэмдэглэж байх ёстой. Энэ баярын өөр нэг гол агуулга нь хүн бүр ах, дүү, ураг саднаараа цуглаж, амар мэндээ мэдэлцэж, настай хүмүүс дээрээ очдог. Үүний ач тус нь ураг төрлөө мэдэлцдэг хэрэг гэж би боддог. Бид чинь ажил төрөл гэж явсаар байгаад бусад үед ах, дүүгийнхээрээ ордоггүй. Цагаан сараар л ажил амьдрал нь ямар байгааг мэдэх боломж олдох юм. Нөгөө талаас хамаатан садан, үр хүүхдээ таницлуулах боломж олгож байна. Энэ мэт их сайхан боломжуудыг олгодог олон сайн талтай баяр. Бид үндэснийхээ энэ баярын өдөр шинийн 1, 2-нд л бүх нийтээрээ амардаг. Энэ жилийн хувьд их өргөн дэлгэр болж байна. Миний хувьд цаашдаа УИХ-ын гишүүний хувьд Үндэсний баяр, наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, шинийн 1-3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлах бодолтой байгаа. Орос л гэхэд шинэ жилээр долоо хоног бүх нийтээрээ амардаг. Хятадууд цагаан сараа 14 хоног тэмдэглэдэг. Үүнтэй адилаар манай монголчууд үндэсний энэ л баяраараа дотоодын аялал жуулчлалаа нэмэгдүүлж, хөдөө орон нутагт хөшид рүүгээ явдаг. Тиймээс энэ баярыг хоёр биш, гурав хоног тэмдэглэж байх нь зүйтэй юм болов уу гэж би боддог. Энэ жил саналаа гүйцэлдүүлж амжсангүй.
-Гишүүн гэр бүлийн ажилд хэр оролцдог вэ. Сар шинийн баярын бэлтгэлд хэр оролцсон бэ. Эхнэр тань таныг магтаад л байдаг юм билээ?
-Сар шинийн баяраар манай аав гэрийнхээ идээ, будааг өөрөө засдаг байсан. Би ч мөн ууцаа өөрөө засаж, тавгийн идээгээ өөрөө засдаг. Бууз, банш энэ тэр бол манай гэргий, хүүхдүүдийн ажил. Аль болох идээ будаагаа өнгөтэй байлгаж, ирсэн зочдоо сайхан дайлж, цайлах юмсан гэж боддог. Мөн өөрөө мал хуйтай хүн тул хамгийн сайн хониороо ууц тавих юмсан гэж л бэлтгэдэг. Ийм байдлаар сар шинийн баярын бэлтгэлд оролцдог. Бусдыг нь гэргий маань бэлтгэдэг.
-Танайхыг хүмүүс их амгалан, тайван айл гэж ярьдаг. Энэ байдлаа хадгалах гээд зурагт ч ховор үздэг гэдэг юм байна лээ?
-Улстөрч хүн мэдээлэл авч байх хэрэгтэй. Гэхдээ улстөрч хүний ар гэрийнхэн бусад хүмүүсийн адил гэр бүлийн аз жаргалыг мэдрэх ёстой. Улс төрийн амьдрал гэдэг ороо бусгаа зүйл. Би ийм зүйлд ар гэрийнхнээ оролцуулахыг хүсдэггүй. Улс төрийн энэ сонин амьдрал бол зөвхөн минийх. Миний ар гэр тайван сайхан байх ёстой. Мөн улс төрийн энэ хүнд хэцүү амьдралаас би гэртээ ирээд чөлөөлөгдөх ёстой гэж боддог. Энд ирж би тайвширах ёстой. Өдөржин ярьсан, хэрэлдсэн маргаанаа орой зурагтаар үзэх хэрэггүй гэж боддог. Одоо нялх хүүхэдтэй учир зурагт энэ тэрийг бол манай гэрийнхэн бүр мартаж байгаа. Хаая зурагт үзэхээрээ амьтны ертөнц ч юм уу, өөр ямар нэг танин мэдэхүйд чиглэсэн хүн тайвшируулах зүйл үздэг.
-Жил бүрийн цагаан сараар ураг садантайгаа золгоход ч юм уу шинэ зүйлс ажиглагддаг. Таны хувьд энэ жил юу олж харсан бэ?
-Төрсөн гэр орон, нутаг усандаа очоод ээжтэйгээ золгох л хамгийн сайхан. Энэ жилийн хувьд монголчууд үндэсний хувцасаараа их сайхан гоёдог болсон гэдгийг л мэдэрлээ. Залуучууд дээл их өмссөн байна. Би үүнийг их сайхан ололттой зүйл гэж бодсон.
-Таны энэ жилийн гоёлын хувьд?
-Бид хоёр энэ жил “Говь” компанийн ноолууран дээлээр гоёсон. Сар шинийн баяраар ер нь бол нэг шинэ сайхан дээл хийлгэдэг юм. Энэ жилийн хувьд сар шинийн баяр жаахан орой болж дулаахан байгаа учир үстэй дээл хийлгэсэнгүй. Шинэ малгай хийлгэж өмслөө. /инээв/
-Оны өмнө нярайтай болжээ. 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд төрсөн гэхээр сайхан бэлэгшээлтэй юм?
-Туулай жил ер нь нийт монголчуудад маань их ээлтэй сайхан жил байлаа. Ойрын жилд байгаагүй сайхан зун болж, өвөлдөө өнтэй өвөлжиж, үр тариа гарц сайтай байлаа. Ийм сайхан өгөөжтэй жил байсан. Энэ туулай жил надад хайр ивээлээ хайрлаж, би нуган үртэй болсон. Нэлээд олон жилийн дараа миний хүү төрлөө. 13 жилийн дараа би дахиад хүүтэй болсон нь миний баяр баясгалан гэж бодож байна. Гарч байгаа луу жил ч гэсэн үр өгөөжөө харамгүй хайрлана байх. Луу гэдэг бол тэнгэрийн амьтан. 12 жил дотор байдаг ганц тэнгэрийн амьтан учраас их сайхан жил болно байх. Зурхайчид, хөгшчүүд ч сайхан жил болно гэж ярьж байгаа. Монголчууд бидний хувьд цаг агаар сайхан байж, хур ус нь цагтаа буугаад, өвс сайн байвал амьдрал сайхан байдаг.
-Сар шинийн баярыг билэгшээгээд ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-“Shuud.mn” сайтын бүх уншигчдад ирж буй луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх ерөөлийг дэвшүүлье.
С.Энхзаяа
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ