
АНУ-ын Илиноис мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн Фильд музейд "Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 24-ны өдөр үүд хаалгаа нээжээ. Энэхүү үзэсгэлэнг Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд яамнаас зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэнгийн гол ивээн тэтгэгчээр Олстэйт компанийн Дэд ерөнхийлөгч Ж.Грефин тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Олон мянган үзэгчдэд Чингис хаан гэж хэн байсныг таних, ойлгох, тэрээр хэрхэн ердөө 25 жилийн хугацаанд Ромын гүрний дөрвөн зууны турш эзэлсэн газар нутгаас илүүг байлдан дагуулж чадсан, хүн бүрт нэгэн адил үйлчлэх хууль цаазыг хэрэгжүүлсэн хийгээд чөлөөтэй худалдааны бүс, дипломат эрх ямба, шуудан өртөөний тогтолцоо зэргийг санаачилснаар түүний хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр, шинэчлэлтийг Америкийн ард түмэнд таниулахад чухал ач холбогдолтой болно” гэжээ.
Элчин сайд Х.Бэхбат Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиож буй жил АНУ-ын гурав дахь том хот Чикагод, Америкийн нэр хүнд бүхий музейд тус үзэсгэлэн нээгдэж байгаад бидний Монголчууд баярлан бахархаж байгааг илэрхийлээд , "Чингис хаан" үзэсгэлэнг хүлээн авч зохион байгуулж буй Фильд музей, Олстейт компани болон бусад ивээн тэтгэгч байгууллагууд, Имэжин компанид Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой мөн тохиож байгааг мөн онцлон тэмдэглээд энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлыг Америкийн ард түмэнд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна.
Фильд музей нь 1893 онд байгуулагдсан бөгөөд Америкийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй музейн нэг, байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төв юм. Тус музей гурван сая орчим үзмэртэй бөгөөд тэрнийхээ ердөө гуравхан хувийг олны өмнө дэлгэсэн байдаг аж. Нэг жилийн турш дунджаар 1.3 сая үзэгчдийг хүлээн авдаг бөгөөд "Чингис хаан" үзэсгэлэн есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ