
2008 оны сонгуулийн дараах үймээнээр гал зэвсэгт өртөн таван хүн амь насаа алдсан хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг гэм буруутайд тооцон маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ.
Тэднийг холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татсан билээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийнТусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр ял төлөвлөснийг анхан шатны шүүх маргааш хэлэлцэх юм. Хэрэв тэдний гэм буруу нь шүүхээр тогтоодвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Шүүх хурлыг Ч.Хосбаяр даргалах юм байна.
У.Маргад
СЭТГЭГДЭЛ БИЧИХ