Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох асуудлыг сар шинийн өмнө Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар сар шинийн өмнөхөн ээлжит хуралдаанаараа орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэ хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9,017 айлын орон сууц болж нэмэгдэж байгаа юм. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх 3 өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэж байна.
Одоогийн байдлаар хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28,300 орон сууц баригдаж байгаагаас 6,341 нь 50 м/кв талбайтай байна
6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил боллоо. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэ дагуу иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар боллоо. Дээрх үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.
Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна.
Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв. Сангийн болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулалт сайтай, идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үнэллээ.
Ц.Дашдорж сайдын танилцуулснаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28300 орон сууц баригдаж байгаагаас 6341 нь 50 м/кв талбайтай байгаа аж. Баталсан журмаар талбайн хэмжээг 55 м/кв болгон нэмсэн байна. 100 мянган айлын орон сууцны 75000 нь нийслэлд, 25000 нь хөдөө орон нутагт баригдах юм. Энэ зорилт 2016 он гэхэд хэрэгжих аж. Орон сууц анх удаа авч буй, 16 хүртэл насны 1-4 хүүхэдтэй айлд эхний ээлжинд давуу эрх олгох аж. Зээл авах иргэдэд ямар нэг тусгайлсан квот тавихгүй гэлээ. Түүнлчлэн зээлд хамрагдах иргэд аль нэг банк мөн банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой гэнэ. Зээлийг ирэх дөрөвдүгээр сараас олгож эхлэх юм байна.
Яармаг, МҮОНРТ орчимд, 100 айл, “Шинэ зуунмод” хороолол, 13 дугаар хорооллын урд тал зэрэгт эдгээр барилгыг барих ажээ. Эхний газруудыг чөлөөлж эхэлсэн байна. Журмын дагуу бэлтгэл ажлыг ханган гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр ажлыг эхлүүлэх боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ