Лаосын Үндэсний Ассамблейн дарга Пани Ятодүны айлчлал үргэлжилж байна

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар энэ сарын хорин тавнаас хорин есний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчид бямба гаригт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. Айлчлалын хоёр дах өдөр төлөөлөгчид Төв аймгийн Лүн сумын малчин Н.Батгэрэлийнд зочилж Монгол ахуй, сар шинийн зан заншилтай танилцан малчин айлд цагаан сар тэмдэглэлээ. Мөн Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт зочлон тахь нутагшуулж байгаатай танилцсан юм. Өнөөдөр хатагтай Пани Ятодү Монголын бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдээр зочлон хамба лам Д.Чойжамцтай уулзана. Үүний дараа төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төлөөлөгчдийг хүлээн авч уулзан УИХ-ын чуулганы танхимтай танилцуулна. УИХ-ын чуулганы танхимыг Лаосын дэмжлэгээр тохижуулсан бөгөөд тавилгыг Лаосын улаан модоор хийсэн байна. Хатагтай Пани Ятодү Монгол улсад хийх албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзах юм. Үдээс хойш сэтгүүчидтэй уулзан товч ярилцлага өгөх юм. Лаосын Үндэсний Ассамблей нь таван жил тутамд сонгогддог 115 гишүүнтэй. Монгол Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж харилцан айлчлалууд тогтмолжиж байгаа юм. 1998 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид Лаост айлчилсан бол 2000 онд Лаосын Үндэсний Ассамблейн дарга Самаан Вигнякет тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

laos gj haana bdag yun uls ve
2012-02-27