
Тува улсын нутаг дэвсгэрт уржигдар 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт манай улсад ч мэдрэгдсэн. Энэ талаар Одон орон, геофизик судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Баасанбатаас тодрууллаа.
-Тувад болсон газар хөдлөлт манай орны аль хэсэгт, хэрхэн мэдрэгдсэн бэ?
-ОХУ-ын Тува улсын зүүн Саяны нурууны салбар уул болох Обручев нуруунд уржигдар 14:17 цаг 17 секундэд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүнээс болж манай улсад баруун аймгуудын төв болон Улаанбаатар хотын өндөр барилгатай хэсгүүдэд чичирхийлэл мэдрэгдсэн. Яг аль, аль хэсгээр хэчнээн баллын чичирхийлэл мэдрэгдсэн тухай мэдээллийг бид цуглуулсаар л байна.
- Тувад хоёр оны зааг дээр мөн л газар хөдөлсөн. Саяын газар хөдлөлтийн магнитуд өмнөхөөсөө өссөн харагдаж байна?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд болсон газар хөдлөлт яг энэ голомтод болсон. Уржигдрынх 6,8 магнитудын хүчтэй байсан бол өмнөх нь 6,7 магнитуд. Ер нь энд ес хүртэлх магнитудын газар хөдлөлт болдог газар.
-Эхний газар хөдлөлтөөс хойш жижиг хөдөлгөөнүүд тэрхүү голомтод хэр олон бүртгэгдсэн бэ?
-3,5 магнитудаас дээш хүчтэй чичирхийлэл өнөөдрийг хүртэл 100 гаруй бүртгэгдсэн байна. Харин сул хөдлөлтүүд маш олон бий.
-Харин Улаанбаатарт уржигдар мэдрэгдсэн чичирхийллийн дараа байдал ямар байна?
-Ойролцоогоор 300 гаруй сул хөдлөлт нийслэлд бүртгэгдсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ