300 саяыг тоншсон Ц.Болд удахгүй аавын хаалга татна
Албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт толгой гудайн шалгуулах болсон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд Авлигатай тэмцэх газрын үүдийг сахиад удаж байна. Түүнийг 300 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр цагдаагийнханд баривчлагдсан гэх мэдээлэл өнгөрөгч онд сайтуудын шуурхай мэдээний зай талбайг эзэгнэж байв. Гэвч Ц.Болд энэ яриаг үгүйсгэж ихэд ундуйцсан ч хөнгөн хөлтэй, урт чихтэй сэтгүүчдийн овоо хараанаас мултраагүй. Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүгч төрсөн эгч Ц.Түмэнгэрэлийнхээ нөлөөгөөр "хар гэр"-ээс суллагдсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлээр шуугиж байгаад хэсэг хугацааны дараа намжсан билээ.
Гэмт хэрэгтний эгнээнд шилжин, гав зүүгээд амжсан засаг ноён Ц.Болд, өмнө Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын Хот тохижилтын хэлтсийн дарга, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга гээд хотын зохион байгуулалттай холбоотой олон ч ажлыг хийж явжээ.
Харин өнгөрсөн оноос эхлэн хотын даргын томилгоогоор Улаанбаатарын хамгийн тохижилт муутай, бас хэл ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн юм. Өмнө нь 2009 онд хот тохижилтын ажил үйлчилгээний хөрөнгөөс нэлээд мөнгө завшсан гэх хардлага ч түүнийг дагадаг. Ам ташсан хэрээ арвангурав дахихын үлгэрээр энэ удаад ч тэрбээр улсын мөнгө тоншсон хэрэгт холбогдоод байна.
Түүнийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнд хамаарах Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа аж. Учир мэдэх хүний хэлснээр Ц.Болдыг цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж, УМБГ-т шалгаж байсан ч албан тушаалтай холбоотой учир ийнхүү АТГ-т шилжүүлэн шалгуулжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ