Жонш экспортлогч 8 компаниас зөрчил илэрчээ

img

Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дундговь, Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа  жонш экспортлогч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу дээрх аймгуудын нутагт жонш экспортлох, уурхайг далд аргаар олборлох, эрдсийг баяжуулах үйл ажиллагаанд “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай”, “Газрын тухай”, “Усны тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтыг аймгуудын Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын байцаагч нартай хамтран 39 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжсэн байна. Эдгээрээс зөрчил гаргасан 8 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 12 аж ахуй нэгжид хугацаатай албан шаардлага өгч, 7 404 000  төгрөгийн торгууль ногдуулжээ. Шалгалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдал дутуу, хүдэр, хүдрийн бус, шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг зөрчсөнөөс гадна “Ашигт малтмалыг баяжуулах, ялгах, бутлах, хүдэр баяжмалыг бөөнцөглөх, фабрикийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн нийтлэг шаардлагыг биелүүлж дагаж мөрдөөгүй байжээ. Мөн баяжуулах үйлдвэрүүд хаягдлын сангийн батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Үүнээс гадна уурхайг улсын комисст хүлээлгэж өгөхгүйгээр уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ